С.Амарсайхан: Онцгой байдлын албаны төв, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар энэ үед идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой
2024.02.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Амарсайхан: Онцгой байдлын албаны төв, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар энэ үед идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын албаны удирдлагууд болон бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Манай улсад төдийгүй дэлхий  нийтийн хэмжээнд жил ирэх тусам гамшиг ослын тоо, давтамж, хамрах хүрээ нэмэгдэж буйтай  холбоотойгоор Онцгой байдлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал, ур чадвар, эрсдэлийн менежмент, гамшигт тэсвэртэй байх  чадавхыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөөг шаардаж буй. Монгол Улсад сүүлийн жилүүдэд ган, зуд, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж эрс нэмэгдэж байгаа нь улс орны хэмжээнд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул Шадар сайд САмарсайхан ОБЕГ-ын удирдах ажилтнуудад  зарим үүрэг чиглэлийг өглөө.

“Сүүлийн 2-3 жил бид дэлхий нийтийг хамарсан цар тахлаас  эхлээд ган, зуд, газар хөдлөлт, үер ус, гал түймэр гээд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж, ажилласаар  ирлээ. Өнгөрсөн 2023 онд гэхэд л цас зудтай өвөл, хаврын улирал  дуусаж, зуны дэлгэр цагтай золгосон боловч зун нь үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хот, аймаггүй үерийн далан задарч, улсын чанартай авто замууд сэтэрч, олон айл өрх, байшин барилгууд усанд автсан. Өдгөө  мөн л төмөр зудын нөхцөл байдалтай нүүр тулж, манай Онцгой байдлын албаныхан өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ цаг үед албаны бие бүрэлдэхүүн ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд удирдлага арга зүйгээр хангах учиртай төв, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар идэвх санаачилгатай манлайлалтай байх ёстой. Та бүгд гамшгийн үеийн арга тактикаа оновчтой байлгаж, эрсдэлийн мэдрэмжтэй менежментийг шуурхай хэрэгжүүлж, төлөвлөлт, зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай байна” хэмээн санууллаа.

ШИНЭ МЭДЭЭ