УОК: 105 сумын ЗДТГ-ыг туулах чадвартай автомашинаар хангахаар болов
2024.02.28
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УОК: 105 сумын ЗДТГ-ыг туулах чадвартай автомашинаар хангахаар болов

Улсын онцгой комисс /УОК/-ын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийсэн байна. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм.

Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Мөн ихэнх сумуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа. Иймд сумуудын Засаг даргын тамгын газрыг туулах чадвар сайтай автомашинаар хангах ажлын хүрээнд эхний ээлжид 105 автомашиныг шийдвэрлэхээр болсон юм.

Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж буй аж. Улсын хэмжээнд 100 гаруй сумдад зуд нүүрлэснээр 2 сая гаруй толгой мал хорогдоод буй. Мөн зам даваа хаагдсан зэргээс шалтгаалж малчдад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхээс эхлээд малд өвс тэжээл хүргэхэд амаргүй байгаа. Өглөө нь гаргасан зам өдөр нь хаагддаг, өдөр нь гаргасан зам оройдоо хаагддаг гээд нэг ажлыг хоёр хийх шаардлага үүсч буй. Түүнийг дагаад түлш шатахуун ихээр зарцуулах гээд хөрөнгө мөнгөний асуудал ч тулгарч байгаа юм. Иймээс Улсын онцгой комисс хаваржилтыг хохирол багатай даван туулахад шаардагдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ийн хуралдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ