Дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо
2024.03.14
Барилга, Хот байгуулалт

Дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч, Удирдлагын хорооны гишүүн Тереза Чэрвинска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус төлөөллүүд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох зорилгоор манай улсад хүрэлцэн ирээд байна.

Европын Холбоо нь манай улсын чухал гуравдагч хөрш болохыг Хотын дарга Х.Нямбаатар онцолж, “Хэт төвлөрөл нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болж, замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмж зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай үүсээд байна. Уг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор урт, дунд, богино хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хот анх удаа метро байгуулахаар олон улсын нээлттэй тендер зарлалаа. Цаашид дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.

Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Чэрвинска “Манай банк метро, орон сууц гэх мэт томоохон төслийг санхүүжүүлдэг. Мөн эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эдгээр салбарт болон нийтийн тээврийн менежментийг сайжруулах чиглэлээр туршлага хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм.

Ташрамд, Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохионо.

ШИНЭ МЭДЭЭ