2024.03.15
Орон нутгийн хөгжил
Говийн бүсийг усжуулах ажлын хүрээнд уулзалт боллоо
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн хөөврийн талд орших Улаан нуур, Онгийн голыг сэргээх, говийн бүсийг усжуулах ажлын хүрээнд Мандал-Овоо сумын Засаг дарга Ц.Санжаа, Тамгын газрын дарга Д.Адилбиш, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын засаг дарга Г.Лувсанрагва, ИТХ-ын дарга болон холбогдох албан хаагчид, иргэдтэй уулзаж, төсөл хөтөлбөрийг танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтад ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, ШУТИС-ийн БАС-ийн Усны барилга байгууламж судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор дэд профессор Н.Насанбаяр болон Монголын Усны Үндэсний Холбооны тэргүүлэгч нарын хамт газар дээр нь очиж судалж, төслийн багийнхан ажлын даалгавар хийж ажиллалаа.
Улаан нуур, Онги голыг сэргээх судалгаа, шинжилгээн дээр усны мэргэжлийн багийнхан ажиллаж, ТЭЗҮ-ийг хийсэн.
УЛААН НУУР
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Улаан нуурт Хангайн нуруунаас эх аван урсдаг Онгийн гол цутгадаг. Онгийн гол нь Улаан нуурын гол цутгал бөгөөд Мандал-Овоо, Сайхан-Овоо сумдын нутгаар дайрч 400 гаран км урсдаг. Улаан нуур нь цагийн сайханд урт ба өргөнөөрөө 40-45 км үргэлжилсэн, зарим газраараа 11-15 метр хүртэл гүн говийн хамгийн том 5 нуурын нэг байсан. Улаан нуур нүүдлийн шувууд дамжин өнгөрч, өсөж үржин нутагладаг, олон зүйлийн ашигт ургамал, зэгсээр бүрхэгдсэн, говийн экосистемийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг нуур байсан.
Нутгийн хөгшид ярихдаа Улаан нуур урьд өмнө тэмээтэй хүн явахад харагддагүй, айлын барааг яндангаас гарч байгаа утаагаар нь багцаалдаж олдог, ингэ ботгоо 500 метрийн зайтай бэлчээгээд явдаг тийм л өтгөн сайхан зэгстэй, хүн малын ундаа болсон сайхан нуур байсан гэж хууч хөөрсөн.Улаан нуур нь нууруудын хөндийн хамгийн зүүн талд байх бөгөөд экологийн чухал ач холбогдолтой учраас 1998 онд Рамсарын конвенц (Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц)-д бүртгэсэн.
Улаан нуурыг дахин сэргээснээр говийн бүсийн экологи, эдийн засаг төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй шар шороон шуургатай тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, цаашлаад хөдөөгийн иргэдийн аж амьдралд асар их ач холбогдолтой. Иймд Улаан нуурыг дахин сэргээх, говийн бүсийг усжуулах төсөл хөтөлбөрийг миний бие болон ШУТИС-ийн БАС-ийн Усны барилга байгууламж судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор дэд профессор Н.Насанбаяр болон Монголын Усны Үндэсний Холбооны тэргүүлэгч нартай хамтран эхлүүлж, тус нуурыг сэргээх судалгааны ажил болоод ТЭЗҮ-ийг усны мэргэжлийн багийнхан хийж дуусгасан.
Энэ ажлын хүрээнд газар дээр нь очиж ажиллалаа. Цаашид усны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, говийн бүсийг усжуулах тал дээр тууштай анхаарч ажиллах болно.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28