Тапан Мишра: Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах ХЭҮК-ын санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана
Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас санаачлан Швейцар Улсын Женев хотноо 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газраас “She for He” санаачилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсад Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх, “Хүний эрхийн үндэсний хөтөлбөр-II”-ыг шинэчилж, батлуулах амлалт өгсөн билээ.
Ингээд хүний эрх, эрх чөлөөний талаар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн "Хүний эрх" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-аас хүний эрхийг хангаж, хамгаалах, эрх тэгш нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө юу хийв, алдаа оноо, амжилт бүтээл юу байв гэдгээс урьтаж, хүний эрх хамгаалагч Тапан Мишра хүний эрхийг хамгаалах салбарт яагаад хүчин зүтгэх болов гэдгээс ярилцлагаа эхлүүлбэл сонирхолтой санагдлаа?
-Бололгүй яах вэ. Би бага байхаасаа хүн байхын эрхэм үнэт зүйлсийг баримтлахыг хичээдэг байлаа. Тиймдээ ч хүний эрх нь ядуу, боломж нөөц хязгаарлагдмал хүмүүст илүү хамааралтай болохыг ойлгож, тэднийг бага ч гэсэн дэмжихийг хичээж ирсэн. Эндээс л би хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж ирсэн гэхэд болно. Дараа нь дунд сургуульд суралцаж байхдаа Нийгмийн үйлчилгээний клубт элсэж, амьжиргааны төвшнөөс бага орлоготой хүүхдүүдэд зориулсан “Хоол, хүнсний сургалтын хөтөлбөр”- өөр дамжуулан зэргэлдээ хөрш тосгоны өрхүүдэд тусалдаг байлаа. Маш олон хүмүүнлэгийн, тусламжийн арга хэмжээнд сайн дураараа оролцож, дэмжлэг үзүүлдэг байсан. Их сургуульд хүний нөөцийн менежмент, хөгжлийн мэргэжлийг сонгосон нь эдгээрийн нөлөө юм болов уу. НҮБ-д ажиллах хугацаанд хүний эрх нь эрх тэгш, тогтвортой хөгжлийн үндэс бөгөөд гол цөм гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй болсон. Тиймдээ ч хүний эрхийн асуудалд ямагт анхаарлаа хандуулж ирсэн.
-Та НҮБ-ын системд 2003 оноос хойш 21 дэх жил ажиллаж байна. Ажлын гараагаа 1984 онд Энэтхэг Улсын Бхаратын газрын тосны корпорацын хүний нөөцийн мэргэжилтнээс эхэлж, улмаар Мумбай дахь Бүх Энэтхэгийн Сургалтын төвийн менежер, сургагч дасгалжуулагч, Инфосистем Манлайллын Институтийн гишүүн, Гургаон дахь Авьяасыг хөгжүүлэгч компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Эндээс үзвэл, та хувийн хэвшлийн салбарт ид амжилттай явах үедээ НҮБ-д орсон юм байна. Ийм шийдвэр гаргахад танд юу нөлөөлсөн бэ?
-Ажлын гарааныхаа эхэн үед ашгийн төлөөх хувийн хэвшлийн компаниудын цөөн хэдэн хувьцаа эзэмшигчдийн төлөө ажиллахгүй гэдэг эрс шийдэмгий шийдвэр гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарын төрийн албанд ажиллахыг илүүд үзсэн. Гэхдээ хувийн хэвшлийн салбарын шинэлэг, оновчтой, үр дүнтэй ажлын туршлагаас суралцахын тулд тухайн салбарт дахин ажилласан. Хоёр талын нөхцөл байдлыг хоёуланг нь дүгнэж, харсны эцэст, би илүү өргөн хүрээтэй, тогтвортой хөгжлийн зорилгод үйлчлэх боломжийг эрэлхийлж, илүү сайн сайхан ирээдүй, хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн. Миний хичээл зүтгэл үр дүнгээ өгч, НҮБ-ын хөгжлийг дэмжих чухал чиг үүргийг хариуцан ажиллах боломж олдсонд би талархаж явдаг.
-Та БНАСАУ-д НҮБ-ын Суурин Зохицуулагчаар 2015-2019 онд ажиллаж байгаад Монгол Улсад томилогдсон. Үүнээс өмнө Монголд ирж байсан уу?. Ингэж асуусны учир нь хэдийгээр Монгол Улс, Хойд Солонгосын улс төр, нийгмийн тогтолцоог харьцуулах нь тохиромжгүй ч хүний эрхийг хамгаалах нь нийгмийн шилжилт, өөрчлөлтийн гол цөм болдог. Энэ утгаараа Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг тухайн үед хэрхэн үнэлж, дүгнэсэн бэ?
-Хүний эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх миний түүх, туршлагыг сонирхож байгаад талархаж байна. Мөн Монгол Улсын нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахдаа баяртай байна. Аливаа улс орны соёл, түүх, нөхцөл байдлыг цогцоор ойлгох нь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай гэж хэлмээр байна. Миний анхны томилолт БНАСАУ-д Суурин зохицуулагч, Суурин төлөөлөгчөөр томилогдсонтой таарсан юм. Хойд Солонгос дахь ажлын дийлэнх хувь хүмүүнлэгийн чиглэлд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, хөгжлийн талаар ажиллах боломж харьцангуй бага байсан нь жаахан харамсдаг. Гэхдээ миний зүрх сэтгэл үнэхээр хүний хөгжлийн төлөө байсныг хэлмээр байна.
БНАСАУ-д дөрвөн жил гаруй хугацаанд томилолтоор ажилласны дараа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж олдсонд өөрийгөө их хувь завшаантай хүн гэж боддог. Монгол Улс өөрийн үнэт зүйлс, уламжлалаа бүрдүүлсэн баялаг, олон талт өв уламжлалтай. Мөн ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг тусгасан ардчилсан төрийн тогтолцоотой. Монгол Улс 1990 онд ардчилалд тайван замаар шилжсэнээс хойш хүний эрх, эрх чөлөөг хангах талаар гайхалтай ахиц дэвшил гаргасан.
Гэхдээ зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, ардчиллаа бататгах үйл явцад зарим сорилт, эрсдэлтэй тулгарч байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би Монгол Улсын төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд гээд бүхий л бүлгийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг сонсохыг хичээдэг. Мөн Монгол Улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн чиг үүрэг, стандарт, зөвлөмжийг би онцгойлон анхаардаг. Эдгээр хүчин зүйлсэд үндэслэн ярилцлагын явцад Монгол Улсын хүний эрхийн төлөв байдалд тэнцвэртэй үнэлэлт дүгнэлт өгч, ололт амжилт, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийн талаар санаа бодлоо хуваалцах боломж гарах болов уу.
Таны асуусан асуултын хувьд би 2017 оны есдүгээр сард анх Монгол Улсад айлчилж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих олон боломж байгааг хараад үнэхээр баярласан. Тухайн үед НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн албан тушаал зарлагдсан байсан нь өөрийгөө сорьж үзэх таатай завшаан таарсан болов уу.
-Та Суурин Зохицуулагчаар томилогдсоны дараахан цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, ариун цэврийн байгууламж зэрэг тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлыг шийдэж чадвал Монголын эдийн засаг, нийгэм, соёлын эрх хангагдана гэж хэлж байсан. Эргээд харахад, монголчууд бид дээрх асуудлуудаас бага ч гэсэн шийдэж, ахиц гаргаж чадсан уу. Та юу гэж дүгнэх вэ? Ахиц гаргасан гэж үзвэл, жишээ хуваалцаж болох уу?
-Миний анхны ярилцлагаас дахин сануулж байгаад баярлалаа. Юуны өмнө би Монгол Улс дахь Суурин зохицуулагчаар ажиллаж, энэ улс, ард түмний хамгийн чухал асуудлаар Засгийн газар, бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, тэгш бус байдал, ус, ариун цэврийн байгууламж, хүнсний аюулгүй байдал зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад олон чухал ахиц гаргасан.
Улс үндэстний хувьд хөгжлийн эдгээр сорилтыг даван туулахад тэсвэр хатуужил, эв нэгдэл, инновацлаг байдлаар хандаж чадсан. Монгол Улсын гаргасан амжилтуудыг зарим жишээг дурдахыг хүсэж байна.
Монгол Улс Ковид-19 цар тахлын халдварын тархалтыг амжилттай зогсоож, хүн амын 90 гаруй хувийг вакцинжуулж чадсан. Мөн нийгмийн эмзэг бүлгийнхэнд нийгмийн хамгааллын цогц тогтолцоо, эдийн засгийн үр өгөөжийг сайтар хүртээж чадсан.
Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийн тулд тэгш хүртээмжтэй, чанартай, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхээр хичээж байна. Монгол Улсын Засгийн газраас 2030 он хүртэлх хөгжлийн стратегид нийцүүлэн өнөөгийн боловсролын тогтолцоог үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна. Насан туршийн боловсролын талаарх цогц хандлага нь Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050”, мөн Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь баг хамтран 2027 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олж, тэргүүлэх чиглэл нь болсон.
ЦХХХЯ-н мэдээлснээр “E-Mongolia” системийг 2020 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн нэвтрүүлснээр төрийн 61 байгууллагын 656 үйлчилгээг багтаасан томоохон систем болж хөгжөөд байна. Одоогоор нийт 12 сая гаруй төрийн үйлчилгээг энэ системээр дамжуулан цахимаар авсан гэх тооцоолол бий.
Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг дэмжих чиглэлээр үндэсний хууль тогтоомж, бодлогыг баталж ирсэн. Монгол Улс ард түмэндээ болон дэлхий дахинаа энх тайван, хөгжин цэцэглэсэн, эв нэгдэлтэй ирээдүйг авчрахын төлөө байгааг, цаашлаад эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангахын төлөөх монголчуудын сэтгэл зүтгэл, чадавхыг цогцоор нь харуулж байна.
Би энэ үйлсэд хөгжлийн гол түншээр ажиллаж, хувь нэмрээ оруулж байгаадаа баярладаг. Монгол Улсыг илүү тогтвортой, цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй ирээдүйн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүлээж байна. НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд НҮБ-ын Удирдлагын баг бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг итгэлтэйгээр хэлье.
-Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ажил замынхаа талд орчихлоо. Дэлхий нийтэд ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай байна гэдгийг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр албаныхан онцолж байсан. Монгол Улсын хувьд ТХЗ-ыг нутагшуулж чадаж байна уу. Нутагшуулахад тулгамдаж байгаа асуудал болон хурдасгуур нь юу гэж та дүгнэж, зөвлөх вэ?
-Монгол Улс Ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй сорилтуудыг үл харгалзан 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн төлөө ажиллаж байна. 2023 оны Тогтвортой хөгжлийн тайланд Монгол Улс ТХЗ-ын нийт индексээр 64.69 оноогоор 166 орноос 106-д жагссан байна.
Монгол Улс 4, 17-р зорилгуудад ахиц дэвшил гаргасан ч тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 10, 13-р зорилтуудын удаашралыг арилгах шаардлагатай байна. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2023 онд Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн форумд Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлээ (ҮСДИ) танилцууллаа. Хоёр дахь илтгэлд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг түргэтгэх зорилготой үндэсний гурван амлалт, ТХЗ-ын арван хоёр хурдасгуурыг онцлон тодорхойлсон.
Үндэсний гурван амлалтын хувьд:
Ногоон хөгжил, нийгмийн хамгаалал, жендэрийн тэгш байдал, боловсрол, эрүүл мэнд, засаглал зэрэг салбар, сэдвийг хамарсан ТХЗын 12 хурдасгуурыг баталж, хэрэгжүүлэх.
2030 он гэхэд ТХЗ-ын 1 дэх зорилго болох ядуурлын бүх хэлбэрийг арилгахын тулд үндэсний ядуурлын түвшинг 15 хувьд хүргэж бууруулах.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцад үр дүнтэй зохицуулалт, хяналт, үнэлгээг хангахуйц институц хоорондын зохицуулалтыг сайжруулах.
Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн гаргасан 2021 оны Улс орны нийтлэг шинжилгээнд Монгол Улсад ТХЗ-ыг нутагшуулахад тулгарч буй зарим гол сорилт, боломжуудыг тодорхойлсон юм.
Үүнд:
Хязгаарлагдмал чадавх ба нөөц: Монгол Улс ТХЗ-уудыг хэрэгжүүлэхийн тулд чадавхаа сайжруулж, ялангуяа орон нутгийн түвшинд илүү их нөөцийг дайчлах шаардлагатай. Энэ нь бүх оролцогч талуудын дунд ТХЗ-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ойлголт хандлагыг сайжруулах, түүнчлэн зохих санхүүжилт, техникийн дэмжлэг өгөх шаардлагатай юм.
Мэдээлэл, хяналтын тогтолцоо хангалтгүй: Монгол Улс ТХЗ-д хүрэх ахиц дэвшлийг хэмжихийн тулд өгөгдөл, хяналтын системээ сайжруулах шаардлагатай байна. Үүний тулд статистикийн чадавхыг бэхжүүлэх, үзүүлэлтүүдийг боловсруулах, мэдээллийн чанар, хүрэлцээ, хүртээмжийг хангах нь чухал байна.
Институцийн болон бодлогын саад бэрхшээл: Монгол Улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд саад болж буй институтийн, бодлогын саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Үүнд бодлого, зохицуулалтыг уялдуулах, бодлогын уялдаа, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх, бүх оролцогчдын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилго-(ТХЗ)-уудыг нутагшуулахад тус дөхөм болохуйц улс төрийн дэмжлэг, идэвхтэй иргэний нийгэм, өсөн нэмэгдэж буй хувийн хэвшил зэрэг хэд хэдэн хурдасгагчууд байна. НҮБ болон бусад түншийн дэмжлэгтэйгээр Монгол Улс сорилт бэрхшээлийг даван туулж, бүх нийтийн тогтвортой хөгжилд хүрэх боломжийг ашиглах нь чухал юм. Гэхдээ Монгол Улсад ТХЗ-ыг нутагшуулах нөхцөл байдал тогтворгүй, цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно гэдгийг анхаарах нь чухал. Бид урагшлахын хэрээр тогтвортой хөгжлийн төлөө тууштай тэмцэж, хүн бүр эрүүл, тогтвортой орчинд амьдрах дэлхий дахиныг бий болгохын төлөө ажиллах ёстой.
-2022 оны байдлаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн 1 дэх зорилго буюу ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд ухарсан бол ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, энх тайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг чиглэлд ахиц гарсан гэж дүгнэсэн. Энэ үзүүлэлтийг оновчтой бус, хөрсөн дээрээ буугаагүй гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний байр суурь бол Монгол Улсын ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлж дүгнэхдээ найдвартай тоо баримт, шалгуур үзүүлэлтэд тулгуурлан, улс орны ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудыг тэнцвэртэй тусгахыг чухалчлах ёстой. Нийгэмд гарч буй зарим шүүмжлэл үндэслэл муутай, хөгжлийн явцын ээдрээ, олон талт байдлыг харгалзаж үздэггүй. Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэл, эдийн засгийн уналтыг үл харгалзан нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалах, хууль дээдлэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон салбарт хүчин чармайлт гаргаж, ахиц дэвшил гаргасан.
Түүнчлэн ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, жендэрийн тэгш байдал, хүний эрхийг хангах, хамгаалахад анхаарч буй ч учир дутагдалтай тал байгааг хүлээн зөвшөөрнө. Тиймээс иргэний нийгэм, хувийн хэвшил, судлаачид, хэвлэл мэдээлэл, орон нутгийн зэрэг оролцогч талуудын оролцоо, санал хүсэлтийг нэгтгэн ТХЗ-уудыг хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах Засгийн газрын амлалтыг дэмжинэ.
Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь хүний эрхийн асуудал болохын хувьд ядуурлыг бууруулах чиглэлд анхаарч, ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн ТХЗ-д хүрэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажилласнаар уг асуудлыг бодит үйл хэрэг болгож чадна. ТХЗ-ын шалгуур, зорилт тус бүр нь хүний амьдралыг сайжруулах, хүн бүрийн эрхийг хангахын төлөө ажиллана гэсэн үг юм.
-Цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд өөр юунд анхаарах ёстой вэ?
-Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, хувь хүн зэрэг бүх талын хамтын хүчин чармайлт шаардлагатайг цохон тэмдэглэх нь зүйтэй. 2050 он хүртэлх хөгжлийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд НҮБын байгууллагууд нь Засгийн газар болон хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Дахин хэлэхэд, өмнө нь хариулсанчлан Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд ТХЗ-д бүрэн хүрэхийн тулд дараах хэдэн үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах ёстой.
Институцийн болон бодлогын тогтолцоог бэхжүүлэх: Засгийн газар ТХЗ-ын хэрэгжилтийг дэмжихийн тулд институци болон бодлогын хүрээгээ сайжруулах ёстой. Үүнд: төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалтын хүрээг сайжруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх.
Мэдээлэл болон хяналтын системийг сайжруулах: Монгол Улс ТХЗ-д хүрэх ахиц дэвшлийг хянахын тулд өгөгдөл, хяналтын системээ сайжруулах ёстой. Үүнд: мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээх ажлыг сайжруулах, түүнчлэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна.
Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих: Монгол Улс ядуурал, тэгш бус байдлыг бууруулахын тулд эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих ёстой. Үүнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх зэргийг дурдаж болно.
Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь: Монгол Улс нийгмийн эмзэг бүлгийнхэнд суурь үйлчилгээ, дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхийн тулд нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх ёстой. Үүнд: нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг.
Байгаль орчны сорилтыг шийдвэрлэх нь: Монгол Улс тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх ёстой. Үүнд: агаар, усны бохирдлыг бууруулах, газрын зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг зохистой хариу үйлдэл үзүүлэхэд анхаарах ёстой.
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010, 2015, 2020 онд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Удахгүй ганцхан жилийн дараа 4 дэх үнэлгээ хийж, “дүн тавина”. Эндээс, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх бол. Танд багахан ч гэсэн төсөөлөл байгаа байх?
-Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг 2010, 2015, 2020 онуудад гурван удаа “Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” (ХЭЭДХ) механизмын хүрээнд хянаж үзжээ. ХЭЭДХ нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн байдлыг дөрвөн жил хагас тутамд нэг удаа үнэлдэг үйл явц юм. Эдгээр үе шат бүрд Монгол Улс хүний эрхийн нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах талаар бусад улс орнуудаас зөвлөмж авч байсан. Монгол Улс дээрх зөвлөмжийн ихэнхийг хүлээн авч, хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнаж ирсэн.
Монгол Улсын хувьд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх иргэдийн эрхийг хангах зэрэг ХЭЭДХ-ын өмнөх үе шатад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн ахиц гаргасан. 2023 онд батлагдсан Бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан нь ХЭЭДХ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн нэг жишээ юм. Гэсэн хэдий ч хууль, бодлогын хэрэгжилтийн цоорхойг арилгах, хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийг хангалттай нөөцөөр хангах, чадавхыг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, авлигатай тэмцэх зэрэг сорилтууд тулгамдсаар байна.
Таны дурдсанчлан 2025 онд Монгол Улс ХЭЭДХ-ийн дөрөв дэх тайлангаа боловсруулж, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа Хүний эрхийн зөвлөлд танилцуулна. Олон улсын хүний эрхийн механизмтай хамтрах, тайлагнах талаар УИХ-ын чиг үүрэг нэмэгдсэнээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ илүү сайн биелүүлнэ гэж найдаж байна. ХЭЭДХ нь Монгол Улс хүний эрхийн төлөө тууштай байгаагаа харуулах, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар бусад улсаас бүтээлч санал шүүмж авах чухал боломж юм. Иймд Монгол Улс хүний эрхийн нөхцөл байдлаа хянах, үнэлж дүгнэх, асуудал сорилтуудыг тодорхойлох, шийдвэрлэхийн тулд ХЭЭДХ болон хүний эрхийн бусад механизм, холбогдох талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах нь чухал юм.
Монгол Улс энэ сард Женевт болсон HR75 дээд хэмжээний уулзалтын үеэр 2034 он хүртэл хэрэгжүүлэх Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө шинэчилж, батлахаа амласныг дурдахыг хүсэж байна. Мөн энэ хөтөлбөрт ХЭЭДХ болон олон улсын хүний эрхийн механизмаас гаргасан зөвлөмжүүд, түүний дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 2023 оны болон Тусгай журмын айлчлалуудын сүүлийн зөвлөмжийг тусгах шаардлагатай байна.
-НҮБ хүний эрхэд суурилсан хандлагыг бүх тогтолцоонд нэвтрүүлж, бүх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хүний эрхтэй холбохыг чухалчилдаг. Монгол Улсын хувьд хүний эрхэд суурилсан хандлагыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Мөн хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх талаар саналаа хуваалцана уу?
-Хүний эрхэд суурилсан хөгжлийн хандлага нь бүх хүний жам ёсны нэр төр, тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшинд оролцуулах, үүрэг хүлээгчдэд хариуцлага тооцох зэрэгт чиглэсэн тогтолцооны өөрчлөлт юм. Улс төр, эдийн засгийн асар хурдацтай шилжилтийг туулсан Монгол Улсын хувьд энэхүү хандлагыг бүх түвшинд хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний заримыг дурдъя. Үүнд:
Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих эрх зүйн болон институцийг бэхжүүлэх, ялангуяа хүний эрхийн зөрчлийн хохирогчид нь шүүхэд хандах, гэм хор, хохирлоо барагдуулах арга замыг нэмэгдүүлэх.
Хүний эрхийн зарчим, стандарт, түүнийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын талаарх төрийн албан хаагчид, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх.
Хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналтшинжилгээ, үнэлгээ хийхэд нийгмийн бүх давхарга, тэр дундаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө нутгийн иргэд зэрэг хамгийн их гадуурхагдсан, эмзэг бүлгийнхний оролцоог дэмжих.
Ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, авлига, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх хүний эрхийг хангахад саад болж буй үндсэн шалтгаан, бүтцийн шинжтэй саад бэрхшээлийг шийдвэрлэх.
Олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг, амлалттай уялдуулж, Үндэсний хөгжлийн стратеги, төсвийг нийцүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны түншүүд хүний эрхэд суурилсан хандлагыг хүндэтгэж, дэмжихийг баталгаажуулахад анхаарах ёстой.
Энэ хүрээнд хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлснээр сурагчид, багш нар, эцэг, эхчүүдийн дунд бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, эв нэгдэлтэй байх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Хүний эрхийн боловсрол нь суралцагчдын дунд шүүмжлэлтэй сэтгэх, иргэний оролцоо, нийгмийн хариуцлагын чадварыг хөгжүүлэх, мөн тэднийг өөрсдийн болон бусдын эрхийг шаардах, хамгаалах мэдлэг, хэрэгслээр хангаж өгөх болно.
-Xөдөө орон нутгийн иргэдийн шилжин суурьших асуудал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газар хотоос хөдөөг чиглэсэн нүүдлийг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч малчин өрхийн амьжиргааны түвшин буурч, тэдний үр хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, хөгжих эрхийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Хөдөө, орон нутгийн хөгжлийг ямар хүчин зүйл хязгаарлаж байна гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсад хөдөө, орон нутгийн хөгжилд саад болж буй олон хүчин зүйл бий. Хамгийн гол нь байгаль орчны сорилт, дэд бүтцийн хомсдол, нийгэм, соёлын саад бэрхшээл гэж би боддог. Байгаль орчны тулгамдсан асуудалд малчид болон тэдний мал сүрэгт нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшиг зэрэг орно. Дэд бүтэц байхгүйгээс орон нутагт автозам, цахилгаан, ус, ариун цэврийн байгууламж, харилцаа холбоо хангалттай бус байна.
Энэ нь тэдэнд зах зээл, үйлчилгээ, мэдээлэлд нэвтрэхэд саад бэрхшээл болдог. Нийгэм, соёлын саад бэрхшээлд боловсролын түвшин доогуур, жендэрийн тэгш бус байдал, хөдөөгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боломж, сонголтыг хязгаарласан уламжлалт хэм хэмжээ багтана. Эдгээр сорилтыг даван туулахын тулд Засгийн газар болон бусад талууд хөдөөгийн иргэдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзэлд нийцсэн цогц, оролцоог хангасан бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой.
Үүнд чиглэсэн зарим боломжит шийдлүүд нь:
Байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн даац хэтрэх, газрын доройтлын эрсдэлийг бууруулах тогтвортой, уян хатан бэлчээрийн мал аж ахуйг дэмжих.
Хөдөө орон нутгийн харилцаа холбоо, хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх хөдөөгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах.
Орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх.
Хөдөөгийн эмэгтэйчүүд, залуучуудын ур чадвар, мэдлэг, шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, манлайлах санаачилгыг дэмжих замаар тэднийг чадавхжуулах ёстой.
-2023 онд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен ХЭҮК-ын урилгаар Монгол Улсад айлчлах үеэр хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр ахиц гаргасан цөөн улсын нэг нь Монгол Улс гэдгийг тодотгосон. Ялангуяа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази дахь анхны улс болсонд талархал илэрхийлсэн. НҮБ-ын зүгээс хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах чиглэлд ямар бодлого баримтлах талаар гишүүн орнуудад зөвлөдөг вэ?
-Монгол Улс дахь хүний эрхийн нэгэн томоохон амжилт болсон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар оновчтой асуусанд баярлалаа. Энэхүү хууль нь Монгол Улсын Их Хурал, ХЭҮК, иргэний нийгэм, ХЭДКГ, Хүний эрх хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч болон Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцооны дэмжлэгтэй томоохон хамтын ажиллагааны үр дүн юм.
Тус хуулиар хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй, ажлын зохистой орчныг бүрдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт өндөр шалгуур, шаардлага тавьж байгаа. ХЭҮК-ын гишүүн С.Дондовын удирдлага дор Хүний эрх хамгаалагчдыг хууль, эрх зүйн дагуу хамгаалахыг хороог Комиссын дэргэд байгуулсанд талархал илэрхийлмээр байна. Энэ нь Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд анхны бие даасан хууль бөгөөд бусад улс орнууд Монгол Улсын сайн туршлагаас хуваалцвал бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд сайн жишээ болох боломжтой.
Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь ХЭДКГ-тай хамтран уг хуулийг түгээн дэлгэрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Таны тусгайлсан асуултын хувьд би хүний эрх хамгаалагчид, тэдний үйл ажиллагааг дэмжих, хамгаалахад чиглэсэн НҮБ-ын зарим тогтоол, удирдамжийг онцлон хэлмээр байна.
Тухайлбал: зарим зөвлөмжийг дэлгэрүүлэн танилцуулбал,
Хүний эрх хамгаалагчдын амин чухал үүргийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан Хүний эрхийг хамгаалагчдын тухай Тунхаглалыг хүндэтгэн хэрэгжүүлэх. ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн механизмд тулгуурлаж, хүний эрх хамгаалагчдын эсрэг гаргасан зөрчлийн талаарх гомдол хүлээн авах, шалгах, шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх чадавхтай бие даасан, хүртээмжтэй механизмыг бий болгох.
Хүний эрхийг хамгаалагчдын эрх, үүрэг, тэднийг дарамтлах, айлган сүрдүүлэх, хонзогнох арга хэмжээ авахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар төрийн алба хаагчид, ялангуяа хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудад зохих санхүүжилт, нөөцийг хуваарилж, сургалтыг зохион байгуулах.
Хүний эрхийг хамгаалагчид онлайн болон оффлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, бусадтай харилцах, шаардлагатай үед хамгаалалт авах боломжтой аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг онцлон анхаарахыг зөвлөмж байна.
-Монгол Улс хүний эрхийг хангаж, хамгаалахад ахиц гаргахаар тууштай ажиллаж байна. Үүний тод илрэл нь Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, төв байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, зөвшөөрөл олгосон явдал. Улмаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр 2025 он гэхэд уг төвийг байгуулахаа амласан. Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах ажилд НҮБ хэрхэн дэмжин ажиллах вэ?
-ХЭҮК-ын энэ санаачилгыг Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд сайшаан хүлээж авсан. Бүс нутагт хүний эрхийг дэмжих, хамгаалах ийм төв нэн чухал болохыг НҮБ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд нь бүсийн төвийг байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх, сайн туршлагыг хуваалцах, түншлэлийг дэмжих, нөөц бололцоогоо дайчлах зэргээр дэмжинэ.
Тус төв нь Ази Номхон далайн бүс нутагт хүний эрхийн боловсрол, судалгаа, сурталчилгаа, нөлөөллийн ажил өрнүүлэх, хяналт шинжилгээ хийх цогцолбор төв болно гэдэгт бид найдаж байгаа. Шинэ төвийг ажиллуулах оновчтой арга замыг судлахын тулд Монгол Улсын Засгийн газар, ХЭҮК-той Монгол Улс дахь НҮБ-ын баг, ХЭДКГ хамтран ажиллаж байна. Мөн тус төвийн үйл ажиллагаагаар дамжуулан хүний эрхийн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхаа нэмэгдүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэх, олон нийтийн дунд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зэргээр Монгол Улсад олон тооны үр өгөөж өгөх болох юм.
-Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны түүхэн 75 жилийн ойг дэлхий нийт өргөн хүрээнд тэмдэглэлээ. Ирэх 25 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй нийгэм байгуулах, дэлхийд энх тайвныг цогцлоох тухай “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтаар санал нэгдсэн. Монгол Улс тус уулзалтаас авах ёстой гол мессеж юу байх вэ?
-“Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтаас хүний эрхэм чанар, тэгш эрх, бүх нийтийн шударга ёс зэрэг түгээмэл үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэхийн чухалчилсныг Монгол Улс тусгаж авах нь зүйтэй. Мөн өөрийн соёрхон баталсан хүний эрхийн үүрэг, стандартыг хэрэгжүүлэх, олон улсын хүний эрхийн механизмуудтай хамтран ажиллах үүрэг, хариуцлагаа сайтар нотлох ёстой.
Эдгээр механизмд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Хүний эрхийн түгээмэл, тогтмол хяналт, Гэрээний байгууллагууд, тусгай журмууд орно. Мөн эдгээр механизмд цаг тухайд нь үнэн бодит тайлангаа илгээж, тэдэнтэй бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, зөвлөмжийг нь дагаж мөрдөх нь чухал юм. Төрийн институцийн бүх хэсэг буюу гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, нийтлэг тусган хэрэгжүүлэх нь чухал. НҮБ-ын тогтолцооны хувьд ялангуяа тусгай журмыг хэрэгжүүлэгчид (2022 онд Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2023 онд Шүүгч, хуульчдын хараат бус байдлын Тусгай илтгэгч)-ийн зүгээс төрийн бүхий л эрх барих байгууллагуудад зөвлөмж өгсөн.
Энэхүү 75 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 9-нд зохион байгуулсан Хүний эрхийн хүндэтгэлийн чуулганы үеэр хүний эрхийг хангах, хамгаалах талаар УИХ амлалтаа илэрхийлснийг дурдахгүй байхын аргагүй. Иймд НҮБ эдгээр байгууллага, тогтолцоотой хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, тэдний үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг тусгах талаар хичээн ажиллах болно. Монгол Улс эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, хөдөөгийн иргэд зэрэг хүн амын олон талт бүлгийн эрхийг хөхиүлэн дэмжиж, хамгаалах ёстой. Мөн хүний эрхийн боловсрол, мэдлэгийн соёлыг төлөвшүүлж, хүний эрхийг хангахад иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалагчдын оролцоо, чиг үүргийг дэмжих ёстой.
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 24 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүргээ хэр түвшинд гүйцэтгэж байгаа гэж дүгнэх вэ?
-ХЭҮК нь өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ахиулахад онцгой амжилт гаргасанд би талархдаг. ХЭҮК нь зөвлөмж гаргах, хяналт шалгалт хийх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, олон улсын хүний эрхийн механизмтай хамтран ажиллах зэрэгт үр дүнтэй ажиллаж байна.
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэх дэд хорооноос дөрвөн удаа “А” статусаар магадлан итгэмжлэл олгосон нь ХЭҮК-ыг Парисын зарчмуудыг бүрэн мөрдөж, бүс нутгийн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний бодит нотолгоо юм. Түүнчлэн олон улсын хүний эрхийн механизмд мэдээлэл хүргүүлэх, зөвлөмжүүдийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Бүс нутгийн хүний эрхийн механизм байхгүй энэ нөхцөлд ХЭҮК нь дотоодын асуудлуудыг олон улсын байгууллагуудын анхаарлын төвд оруулах, үндэсний түвшний хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын арга хэрэгсэл, стандарт ашиглах зэргээр үүрэг, хариуцлагаа нэр төртэй биелүүлж байна. Тиймээс НҮБ-ын хувьд ХЭҮКтой хамтран ажиллах нь нэн чухал зорилго юм. Гэхдээ Комиссын үйл ажиллагаанд саад учруулж буй зарим саад бэрхшээл бий.
Тухайлбал: төсөв, санхүүжилт, хүний нөөц хязгаарлагдмал, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлт хангалттай бус. Эдгээр хүндрэл, бэрхшээлийг даван туулж, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэхийг Комисст уриалж байна. НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2030 он гэхэд эрүүл, аюулгүй, хүртээмжтэй, орчинтой, эрсдэлийг даван туулахуйц, хууль дээдлэх, хүний эрхэд суурилсан зохистой нийгэм бүрэлдэн тогтсон чинээлэг, тогтвортой хөгжилтэй Монгол Улс бий болсон байх болно гэж төсөөлөл бий. ХЭҮК ч цаашид хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, 2030 онд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хэрэгжүүлэхэд НҮБ-ын хүчирхэг, найдвартай түнш хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол аливаа ардчилсан нийгэмд хүндэтгэж, хамгаалбал зохих хүний үндсэн эрх юм. Гэвч эдгээр эрх нь туйлын эрх биш бөгөөд аливаа гэм хор, гүтгэлэг, өдөөн хатгалга, үзэн ядалтаас урьдчилан сэргийлэхийн тулд зохих хязгаарлалттай байж болно. Монгол Улсад сэтгүүлч, иргэний нийгмийн болон хүний эрхийн идэвхтэн, иргэд авлига, уул уурхай, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх, айлган сүрдүүлэгт өртөх тохиолдол гарч байна.
Зарим шүүмжлэгчдийн зүгээс эсрэг байр суурьтай хүмүүсийн дуу хоолойг хааж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн эрх чөлөөнд халдаж байна гэж үздэг. Нөгөө талаас, эдгээр үйлдлийг нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомж, институцийг хүндэтгэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй зарим нь зөвтгөж үздэг. Энэ асуудалд миний байр суурь бол эрх чөлөө, хариуцлагын тэнцвэрийг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрөхийн хамт Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль болох дээдэлж, хамгаалах нь чухал гэж үзэж байна.
Монгол Улсад ардчилал, хариуцлага, ил тод байдлыг хөгжүүлэхэд эрч хүчтэй, олон талт хэвлэл мэдээллийн орчин, хүчирхэг иргэний нийгэм, идэвхтэй иргэд чухал гэж боддог. Мөн эдгээр эрх чөлөөг хязгаарлах аливаа хязгаарлалтыг тодорхой, бодитой шалгуурт үндэслэн, шударга, тууштай хэрэгжүүлэх, шүүхийн хяналтад байлгах ёстой. Монгол Улс хүний эрх, ардчиллын талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа үргэлжлүүлэн биелүүлж, ард иргэдийн дунд харилцан яриа, хүлээцтэй байдал, бусдад хүндэтгэлтэй хандах соёл төлөвшүүлэхэд анхаарна гэдэгт итгэлтэй байна.
-Хүний эрх сэтгүүлд ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан: ХЭҮК-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, сэтгүүлч Г. Нацаг-Эрдэнэ