МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.21) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хууль санаачлагч танилцуулахдаа, Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжид гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр зохицуулсан байдаг.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1.20 дахь заалт болон “Гаалийн болон бусад албан татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг гаалийн татвараас хугацаагүй чөлөөлөх барааг зохицуулсан уг хуулийн 38 дугаар зүйлд нийцүүлэн хууль хэрэглээг тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Үүнд:

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1.20 дахь заалтад өөрчлөлт оруулан үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн болон бусад албан татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргахаар зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэн үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ

ШИНЭ МЭДЭЭ