Замын-Үүд боомтыг өргөтгөх дэд бүтцийн бүтээн байгуулалт дуусч, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ
2024.03.26
Эдийн засаг, Худалдаа

Замын-Үүд боомтыг өргөтгөх дэд бүтцийн бүтээн байгуулалт дуусч, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хилийн “Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  •  Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын авто замын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж дууслаа.

Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 12-нд эхлүүлж байсан бол өнөөдөр эдийн засгийн гол зангилаа болсон боомтын барилгын ажил бүрэн дуусч, ийнхүү албан ёсоор нээж байна. Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэлээ.

Ингэснээр Замын-Үүд боомтын өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байна.

“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих юм. Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласаны үр дүн Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн горимд ирэх 04 сарын 01-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар болж байна.

ШИНЭ МЭДЭЭ