МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Ундрам: Алтанбулаг хот болох өргөжин хөгжих нь боомт, чөлөөт бүсийн зохицуулалтаас ихээхэн шалтгаална
2024.03.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Ундрам: Алтанбулаг хот болох өргөжин хөгжих нь боомт, чөлөөт бүсийн зохицуулалтаас ихээхэн шалтгаална

Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Тус бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг тодорхойлсон. Үүний нэг нь "Боомтын сэргэлт".

Боомтыг хөгжүүлэх шийдлүүдэд харилцан санал солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэх, нэгдмэл байр суурьтай болох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх "Боомтын сэргэлт-2024" үндэсний форум Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд болж өнгөрлөө. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж" хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Тэрбээр, "Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх хүсэл, сонирхол их байна. Гэвч тэр орчин нь бүрдэж өгөхгүй байна. Тухайлбал, Буриадууд энэ төрлийн санал маш их тавьж ирсэн юм билээ. Гэвч наанадаж дэд бүтэц хангалтгүй байна. Алтанбулаг сумын хувьд авч үзэхэд өөрсдийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламж нь хүрэлцээгүй, тиймээс нэгдсэн дэд бүтэц, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах хэрэгцээ, шаардлага дагаад үүсэж байна. Чөлөөт бүс рүү ороод үйлдвэр барих гэхээр эрчим хүчний асуудал үүснэ. Үйлдвэр эрчим хүч дээр л суурилна. Дээрээс нь цэвэр, бохир ус шийдэгдэх ёстой. Гэтэл энэ суурь дэд бүтэц нь байхгүй болохоор хөрөнгө оруулагчид орж ирж чадахгүй байна. Өнөөдөр үүссэн цонх үеийг бид ашиглах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэрээ барих тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө эрх зүйн орчныг бүрдүүлэх, илүү уян хатан, үүнийхээ дагуу бусад төлөвлөлт, дэд бүтцээ бэлэн болгох чухал байна" гэдгийг онцолсон юм.

Мөн "Алтанбулаг боомт бол манай хойд хилийн хамгийн том боомт. Энэ боомтоор их хэмжээний арилжаа наймаа, гадаад худалдаа хийгдэнэ гэдэг тэр хэрээр бүс нутгийн хөгжлийг дэмжих төдийгүй улсын эдийн засагт ч шууд болон шууд бус үр нөлөө нь их. Аялал жуулчлал ч дагаад хөгжинө. Тиймээс боомтыг өргөжүүлэх ажлууд хийгдээд, ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалт дууссан бол одоо зорчигчийн нэвтрэн өнгөрөх хэсэг ашиглалтад орох гэж байна. Хүчин чадал нь нэмэгдээд, 24 цагийн үйл ажиллагаатай болоод ирвэл орон нутгийн хөгжилд ч эерэг нөлөө нь гарна. Алтанбулаг сумыг боомт хот чигээр нь хөгжүүлснээр хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Эдийн засаг нь тэлнэ, бизнесээ цоо шинэ орчин бүрдэнэ" гэв.

ШИНЭ МЭДЭЭ