МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Т.Аубакир, Х.Баделхан, С.Батболд, Д.Батлут, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Г.Занданшатар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Тогтохсүрэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын 52 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Тэрбээр, Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн үйлчилгээг хүргэх; малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцох юм. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг хийхээр төсөлд тусгалаа гэв.

Хуулийн төсөлд “малчин өрх” гэж мал аж ахуй эрхэлж, мал, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг ойлгохоор тусгасан. Малчин өрх нь өөрийн болон бусдын өмчийн малыг малладаг байж болох бөгөөд малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг байх нь гол шалгуур болно. “Малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын үндсэн дээр, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж, энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг ойлгохоор нэр томьёоны тодорхойлолтыг хийв. Бэлчээрийн газрын тухай ойлголт нь газрын хуулиар зохицуулах харилцаанд хамаарах тул “гэрээт бэлчээрийн газар” гэсэн нэр томьёог уг төсөлтэй хамт боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж, анхдагч хуулийн төсөлдөө эшилж оруулав. Сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоотой гэрээ байгуулж ашиглуулж байгаа 4 улирлын бэлчээрийг хамааруулахаар тусгажээ.

Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байх бөгөөд холбооны үйл ажиллагаанд баримтлах зарчим, дүрэмд тусгах асуудлыг төсөлд тусгайлан заасан аж.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр анхдагч холбооны Ахлагч нараас бүрдэнэ. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр тусгалаа. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, тухайн шатны бодлогын баримт бичиг, төрийн бодлого, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг тусгах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан аж.

Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж; хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт; хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого; гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж; хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаа болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Мөн малчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай хэрхэн харилцах, холбоонд төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар төсөлд тусгасан аж.

Түүнчлэн, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт дараах хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулжээ. Үүнд:

  • 1/Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 2/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 3/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай;
  • 4/Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 5/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 6/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;
  • 7/Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 8/Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 9/Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай;
  • 10/Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 11/Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 12/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  • 13/Тогтоолд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол/;
  • 14/Тогтоолд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол/.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг d.parliament цахим хуудсанд байршуулсан ба иргэн та уг хуулийн төсөлтэй танилцах, зүйл, заалт тус бүрээр саналаа өгөх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ