МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Цогтбаатар: Авлигын дагнасан шүүх байгуулах нь хэнд авлига өгөхийг нарийвчлан зааж өгч байгаатай ижил
2024.04.03
Хууль, эрх зүй

Д.Цогтбаатар: Авлигын дагнасан шүүх байгуулах нь хэнд авлига өгөхийг нарийвчлан зааж өгч байгаатай ижил

Шүүх эрх мэдэл, шүүх байгууллагатай холбоотой хуулийн төслүүд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүх байгууллагуудад очиж ажилласан юм. Энэ асуудлаар TV8 телевизийн сэтгүүлч Х.Нарангэрэл түүнтэй ярилцсаныг хүргэж байна.


-Шүүх байгууллага, шүүхээс гаргаж буй шийдвэрүүдтэй холбоотой шүүмжлэл сүүлийн үед нийгэмд их гарах боллоо. Ялангуяа Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шийдсэн шийдвэрийг бараг хүлээж авахгүй гээд мэдэгдчихсэн шүү дээ. Ингээд авлигын хэргийн шүүх, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн дагнасан шүүх байгуулах асуудал хөндөгдөж эхэллээ. Хуулийн төслүүд  УИХ-д ороод ирчихсэн үү?

-Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн. Хэлэлцэх, эсэхээ шийдэж, ажлын хэсэг байгуулсэн. Одоогоор хэлэлцүүлгийн шатанд  явж байна. Хуулийн төсөлд нэлээн хэдэн өөрчлөлт орж байгаа.

Гол саналууд нь нэгдүгээрт, шүүхийг байршил талаас нь ч гэсэн оновчтой болгож, зарим талаар тоог нь цөөлье гэж байна. Жишээ нь, анхан шатны шүүх, давах шатны шүүх нийлээд улсын хэмжээнд  116  байсан бол цөөлөөд 86 болгож, гэх мэт  өөрчлөлтүүдийг санал болгон оруулж ирж байгаа. Түүнд гэр бүл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн асуудлаар анхан болон давах шатны шүүхийг дагнасан байдлаар нь байгуулах тухай асуудал орж ирсэн. Үүнд шүүхийн талаар нарийвчилсан асуудлууд явж байна. Тэр дотор авлигын хэргийн шүүх байгуулах тухай асуудал бас байгаа. Энэ асуудлаар эрхзүйн мэргэжилтнүүдийн хүрээнд янз бүрийн байр суурийг илэрхийлээд явж байна. Манай ажлын хэсэг  яг үүн дээр ажиллаж байгаа л даа.

-Авлигын даганасан шүүх байгуулах тухай асуудлыг анх Засгийн газраас хөндөхөд та чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар ярьж байсан. Тодруулбал, “Авлигын шүүх өөрөө авлигад идэгдэхгүй гэх баталгаа юу байгаа юм бэ гэдэг асуудлыг” та тухайн үед  хөндөж байсан?

-Тийм. Авлигын хэрэг бол эрүүгийн хэрэг. Тэгвэл өнөөдөр манайд байгаа шүүхүүд чинь  эрүүгийн хэргүүд дээр ажиллаад, ял оноогоод явж байна. Эрүүгийн шүүхийг бүхэлд нь аваад үзэх юм бол  бүрэлдэхүүн талаасаа ч гэсэн олон шүү дээ. Яг авлигын шүүх гээд аваад үзвэл  улс төрийн хүрээнд хамгийн нөлөө бүхий хүмүүсээс, яг эд нартай ажиллаарай гээд цөөн тооны хүнийг ялгаад гаргаад өгч байна гэсэн үг. Тийм биз дээ. Тэгвэл бүхэл бүтэн тэр том бүрэлдэхүүнтэй ажиллаад, бүгдтэй нь танил болоод явчих боломж бол  байхгүй. Авлигын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг нийгэм мэдээгүй байхад тэр хүмүүс нээх сайхан цэвэрхэн хүн л явж байгаа шүү дээ. Тэд чинь өөрсдийнхөө хаана амьдарч байгаа, хэрэв хэрэгт татагдвал аль шүүх дээр ямар харъяаллаар очихоо хэн ч мэдээгүй байхад мэдээд байгаа биз дээ. Тэгэхээр наадуул чинь тэр шүүхийг нь тусад нь гаргаад өгчихвөл бүр сайн мэдээд, хэнтэй яаж ажиллахаа ч мэдрээд, хаашаа яаж дуудагдаж очихоо бүр ч сайн мэднэ биз дээ. Тэгэнгүүт нөгөө хүн яагаа ч үгүй байхад аль хэдийн танил тал болоод, эсвэл танил талыг нь судлаад, нөгө хүмүүс өөрсдөө мэдэхгүй нөлөөнд нь орчихсон байвал яах вэ. Тэгэхээр энд тэр тоог цөөлж өгч байгаа нь туслаад байна уу, эсвэл хариуцлагыг чангатгах гээд байна уу. Ингээд үзэхээр асуудлууд байгаа. Тэгэхээр би үүн дээр яг ийм асуудлууд байгаа шүү. Тиймээс бусад улс оронд яг ийм дагнасан шүүх  тэр бүр байдаггүй гэдгийг хэлж байгаа. Ер нь бол маш цөөхөн оронд ийм шүүх байдаг. Иймд бид яг бодит үр дүн талаа тооцож үзэх ёстой. Авлигатай тэмцэх ёстой. Авлигын хууль дахь албан тушаалтнууд, ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хариуцлагыг чангатгах асуудал  дээр би өөрөө ажлын хэсэгт нь орж байгаад 12-20 жил, 8-13 жил байсан заалтуудыг чангатгах бүх зүйл дээр өдөр, шөнөгүй сууж ажилласан. Нүүрсний хулгай гарсан үед хуулийн төсөл дээр яг сууж байгаад бүх юмыг нь  хийсэн. Яг энэ дээр хариулт байна уу гэж байгаа бол тас эсэргүүцээд явж байгаа юм биш. Ийм эрсдэл байна, энэ эрсдэл дээр надад өгөх хариулт байна уу гэдэг талаас энэ асуултуудыг асуугаад явж байна.

-Хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа шүү дээ?

-Тийм.

-Хүүхдийн эсрэг үйлэгдэж байгаа гэт хэргийн болоод авлигын хэргийн шүүх байгуулах хуулиуд батлагдвал хэрэгжих хугацаа нь хэзээ байхаар хуулийн төсөлд орж ирж байгаа вэ?

-Ажлын хэсэг маш сайн ажиллаад, хуулийн төсөлд оруулах саналуудаа бэлдчихсэн байж байна. Ажлын хэсгийн дарга нь сая мэс засалд орохоор болчихлоо. Энэ тохиолдолд бид ажлын хэсгийн даргыг шинээр томилох болж байна. Гэхдээ ажлаа хийгээд явж байгаа. Ажлын хэгсийн түвшинд саналууд нь боловсруулагдаад дуусчихсан байна лээ. Би өөрөө танилцсан.

-Засгийн газраас байр сууриа илэрхийлэхдээ, тухайлбал  авлигын дагнасан шүүх байгуулах  тухайд  анхан шатны шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нь өөрөө Авлигын хэргийг шүүх хэмжээний чадамжгүй байна гэсэн агуулгаар асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүгчдийг ямар ч мэдлэг боловсролгүй, туршлагагүй байна гэдэг зүйлийг яриад байна шүү дээ. Авлигын буюу эдийн засгийн олон оролцогчтой хүнд хэргийг шүүх чадамжгүй гэдэг зүйлийг яриад байна. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд та үүнийг зөвшөөрч байна уу. Энэ асуудал хүлээн зөвшөөрөөхөөс өөр аргагүй үнэн юм уу?

-Наад асуудал чинь албан тушаалтнуудын хэргийг илүү нарийвчилж боловсрогдсон, бэлтгэгдсэн хүнээр, энгийн иргэдийнхийг мэдэхгүй ч байсан хамаагүй чадваргүй шүүгчдээр шүүлгэе гэх гэж байгаа юм уу? Наадах чинь маш ноцтой асуудал. Хэрэв энэ өнцгөөс  ярих юм бол наадах чинь бүр ч ноцтой асуудал руу орж ирж байна шүү дээ. Хүний хувь заяаг шийдээд, ял өгөөд, хэдэн жилээр хорих гээд байна шүү дээ. Тэр хорих шийдвэрийг гаргаж байгаа шүүгч  албан тушаалтных дээр  мундаг мэдлэгтэй нөхөр байгаад, жирийн иргэдийнх дээр хэн хамаагүй надад тэгж харагдаж байна гэж шүүдэг хүн тавих гэж байгаа юм уу?

Өөрөөр хэлбэл, шүүх тогтолцоон дээр шүүгч болж байгаа хүн бол, тэр албан тушаалтны хэрэг байна уу, энгийн иргэний хэрэг байна уу хамгийн өндөр боловсролтой, хамгийн чадвартай хүмүүсээ л тавих ёстой. Тийм биз. Гэмт хэрэг гэдэг, ялангуяа арилжааны, бизнесийн чиглэлийн гэмт хэргүүд чинь бүгдээрээ бас ч гэж маш тодорхой, ойлгомжтой хэргүүд шүү дээ. Эд адилхан л эрүүгийн хэргүүд. Энэ дээр бэлтгэгдэхэд бүх шүүгчээ жигд бэлтгэх тухай асуудал. Энэ өнцгөөс яривал наадах чинь ноцтой асуудал гэдгийг би түрүүн хэлсэн, иргэдийг жинхэнэ талцуулах, иргэдээ ялгаварлан гадуурхсан шинж чанар энд гарч ирж байна.

-Ийм учраас анхан шатны шүүхээр авлигын хэргийг хэлэлцэхгүйгээр давахаас нь эхлэн хэлэлцүүлье гэдэг саналыг Засгийн газраас тавиад байгаа шүү дээ?

 -Шууд давахаас нь эхлээд явья гэхээр бас наадах дээр чинь асуудал гарч ирж байгаа. Яагаад гэвэл, бид хүний эрх ярьдаг. Тэгэхээр шүүхээр эцсийн шийдвэр нь гараагүй байхад таныг гэм буруугүй гэж энэ эрхзүйн тогтолцоо чинь бүхэлдээ үзэж байх ёстой. Тэрэн дээр ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй шүү дээ. Тэгэхээр адилхан энэ гэмт хэргийн асуудал дээр явах шат нь бүгд адилхан  байх ёстой биз дээ. Гэтэл чи нэг л сэжигтэй харагдаад байгаа учраас чамайг яллах ял нь 12-20 жилийг чангатгаж өгөөд байна, ийм ноцтой шийдвэр гаргах гэж байгаа зүйл дээр тухайн хүнд тултал явах эрхийг нь бусад гэмт хэрэгтнүүдтэй адил хэмжээнд тавьж өгөхгүй бол, шууд урьдчлаад энэ хүнд шүүх өөрөөр хандах ёстой гэж болохгүй. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Гэтэл хүн амины хэрэг дээр арай зөөлөн хандах гээд байгаа юм уу.  Бусад хэрэг, тухайлбал  хүн амины хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг гээд ноцтой хэргүүд ороод явахад энэ нь арай гайгүй, энэ албан тушаалтны хэргээс арай зөөлөн гэж үзэх гэж байгаа бол тийм юм байж болохгүй шүү дээ. Одоо наадах чинь эрх зүйн байдлаасаа аваад үзэх юм бол гэмт хэрэг  л бол гэмт хэрэг байхгүй юу. Гэмт хэргийг тэр сэдэлт, үйлдэл, обьектив, субъектив талаас нь авч үзээд дүгнэж чадах хүнийг шүүгч гээд “Энэ хүн гэмт хэргийн асуудлаар хэргийг шүүж чадна” хэмээн тавьж байгаа. Гэсэн атал “Энэ хүн гэхдээ энийг чадахгүй учраас иргэдийн юмыг шүү” гэж ялгах гээд байгаатай адил юм болох гээд байна шүү дээ. Тэгснээ нөгөөхийг нь бүр богиносгох гээд, тэгэхэд  ялынх нь хэмжээ 12 жил  байх  жишээтэй.  Ямар ч хүн тултал яваад, өөрийгөө хамгаалуулах тэр боломж нь, нөгөө талд  шударга шүүхийн систем нь  байж ёстой биз дээ.

-Аль ч парламентын үед шүүхийн шинэтгэлийн асуудлыг байнга хөндөж ирсэн. Ингэж шинэчлэгдэж явах ёстой байх. Гэхдээ л аль ч парламент шүүхийн шинэтгэл, эрхзүйн шинэтгэлийг өргөн хүрээнд даацтай ярьдаг. Дээд шүүх, бусад шүүхтэй холбоотой хуулиуддаа гар хүрдэг, өөрчилдөг. Зарим тохиолдолд шинэчилсэн найруулгын төсөл боловсруулдаг, зарим тохиолдолд өөрчилдөг ийм зүйлүүд байгаад байна. Тэгэхээр манай шүүх болохгүй болоод байн байн хуульд өөрчлөлт ороод байна уу, эсвэл хууль баталж байгаа, баталсан хуулийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх байгууллагууд өөрсдийн эрх ашигт нийцүүлж  хуулийг  өөрчлөөд байна уу?

-Гээндээ ч бий, гоондоо ч бий. Ний нуугүй л ярья. Шүүх огт цэвэрхэн сайхан байгаа гэвэл түүн  шиг худал юм байхгүй. Улс төр шүүх рүүгээ заагаад эд нар ёстой балиар, бид ёстой цэвэрхэн гэвэл тэрэн шиг худал юм бас байхгүй. Аль алинд нь асуудал байгаа. Гэхдээ үүнийг яг шат шатаар нь яриад шинэчлээд явах нь зөв. Жишээлбэл, өнөөдөр шүүх байгуулах хууль дээр орж ирж байгаа нэг зүйл нь шүүхийн хангамжийн асуудал, техникийн маш олон асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна. Та нар бод доо, шүүх дээр яваад очиход  шүүгчийг хараат бус байх ёстой гэдэг, тэгэхэд танхим заал нь задгай, шүүгчтэй бүх хүн ил тод харилцах нөхцөл байдал бүрдчихсэн...Шүүхийн ямар ч стандарт хангаагүй байранд хурлаа хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг заалнаас нөгөө заал руу ордог дамжих өрөөнд нь шүүх хурал нь болоод хэн нэгний хувь заяаг шийдээд сууж байгаа байхгүй юу. Энэ зүйлүүдээ сайжруулахгүй бол, өөрөөр хэлбэл тэр шүүх дээрээ анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. Манайхан шүүх дээрээ ерөөсөө анхаарал хандуулдаггүй. Тэнд тавих ёстой төсвийг нь тавьж өгөхгүй байна. Шүүхийнхэн ярьж байна лээ шүү дээ, манайд яг шүүхийн стандартыг хангасан барилга байхгүй гэж. Би гайхсан, Монгол Улсад яг шүүхийн стандартаар баригдсан барилга нэг ч байхгүй байгаа гээд ярьж байна лээ шүү дээ. Тэгээд шүүхээсээ та нар хараат бус, энэ үйл ажиллагаагаа явуул гэдэг. Нөгөөдүүл нь бас өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Би яг шүүх дээр нь явж очоод харсан.

Ингээд харахад, сүүлийн үед шүүгчийн шалгалт өгөх хүн цөөрсөн байна. Шүүгч гэдэг уг нь мундаг ажил биз дээ, тэнд 15 хүний ажлын байр зарлахад 30-аад хүн ирж бүртгүүлэх юм уу, 60-аад хүн ирэхээр. Тэгэхэд зарласан 15-даа хүрдэггүй, ирж байгаа хүн нь. Тэгэхээр хүмүүс шүүгч болохыг хүсэхгүй байна шүү дээ. Тэгээд ямар хүн ирэх вэ. Ямар хүн ирж байгааг харахаар яах вэ дээ, нэг өгөөд үзье гээд шалгалт өгч байна. Тийм хүн хүний хувь заяаг шийдэж чадах уу, болох уу. Шалгаруулалтын тоонд хүрэхгүй хүн ирэхээр хэн нэг нь тэнцээд орж л таарна шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдал ийм л байна. Шүүхүүдтэй харилцаж, асуудлыг нь шударга шийдэж өгөхгүйгээр муу л бол ийшээ гээд байж болохгүй. Яагаад гэвэл  авлига, хээл хахууль, болохгүй юм төрийн албанд зөндөө байна шүү дээ. Асуудалд зарчмаар л хандах ёстой. Асуудалд мэргэжлийн хандах ёстой. Түүнээс хэн нэг нь нөгөөгөө буруутгаж, үгүйсгэх гэсэн асуудал байвал аль алинд нь байна.

ШИНЭ МЭДЭЭ