МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад технологийн болон стратегийн нөөцөө хадгалсны дараа үлдсэн хэсгээ экспортлох шаардлагатай
2024.04.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад технологийн болон стратегийн нөөцөө хадгалсны дараа үлдсэн хэсгээ экспортлох шаардлагатай

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.04.15/ хуралдаанаар “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Дараа нь “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зохион байгуулсныг дурдаад уг бага хуралд оролцогчид зөвлөмж баталсан. Уг зөвлөмжид үндэслэж тус Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулсныг дурдлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан стратегийн болон технологийн улаан буудайн нөөц бүрдүүлэлт болон хаврын тариалалтаас өмнө улаан буудайн үнийг зарлах үйл ажиллагааны явц байдалд салбарын яамнаас арга хэмжээ авч буй эсэхийг илүүтэй лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолд жил бүр 100 хүртэлх мянган тонны улаан бууйдайн нөөц бүрдүүлнэ гэж тусгасан. Гурван жилийн хугацаанд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулаад байгааг дурдахын зэрэгцээ, одоогоор 30 орчим мянган тонн хүнсний улаан буудайн нөөцтэй байна. Үүнээс гадна үрийн нөөцийн асуудалд импортоор 5700 тонн үр худалдаж авч байгаа. Өнгөрсөн жилийн намрын ургацаас 2400 тонн үрийг тариаланчдаас худалдаж авсан гэв.

Мөн тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр худалдаж авсан улаан буудайн үнийг 30 хүртэлх хувиар хөнгөлөх асуудлыг тогтоолын төсөлд тусган батлуулсан. Улмаар энэ хүрээнд үрийг хөнгөлж олгохоор болсон. Түүнчлэн өмнө нь наймдугаар сард ургацынхаа балансыг тогтоосны дараа өртөгт тулгуурласан үнэ гаргадаг. Энэ жилийн хувьд жишиг үнийг эрт зарлаж, тариаланчдыг тариалалтаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төсөлд Засгийн газраас стратегийн нөөцөд худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг зарлах хугацааг тодорхой болгох, төслийн 5 дахь заалтад тариалангийн салбарт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах зорилгоор даатгалын оновчтой тогтолцоог сонгон нэвтрүүлэх, “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулах гэдэгт ногоочдыг нэмж оруулах санал гаргав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн зүгээс стратегийн хүнсээ нөөцөлдөг, эрсдэлээ хаах асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад хүнсний ногооны урамшууллаас гадна борлуулалтын талбайн асуудлыг тогтоолын төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, үр тулгамдсан асуудал болсныг дурдаад төслийн 2 дахь заалтад үрийн аж ахуйн асуудал орхигдсоныг анхааруулсан. Төсөлд улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад технологийн болон стратегийн нөөцөө хадгалсны дараа үлдсэн хэсгээ экспортлох асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

ШИНЭ МЭДЭЭ