МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн гол зорилго нь нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу төлөх ёстой байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд алданги, хүү, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг агуулж байгаа аж. Уг тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан итгэлцүүрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэвч хуулийн зорилтод бүлэг бүрэн хамрагдах боломжгүй байсан. Уг шалтгаанд дараах нөхцөл байдал нөлөөлсөн. Үүнд:

- Цар тахлын нөлөөлөл буураагүй бөгөөд түүний үр дагаврыг арилах хүртэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар 31-ний хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн. Үүнтэй уялдуулан төрийн байгууллагын зүгээс тодорхой хязгаарлалтууд тогтоож хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл үргэлжилсэн.

- Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/71 тоот тушаалаар баталсан “Хэрэглээний үнийн индекс тооцох аргачлал”-ын дагуу гарсан үзүүлэлтээр авч үзвэл. Хэрэглээний үнийн улсын индексийн үзүүлэлтээр инфляцын түвшин 2020 онд 2.3 хувь, 2021 онд 13.8 хувь, 2022 онд 13.2 хувь байсан бөгөөд инфляцын түвшин буураагүй.

- Малын зүй бус хорогдлын хувьд Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07 -ны өдрийн А/188 тоот тушаалын I хавсралт “Хөдөө аж ахуйн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу хийгдсэн судалгаанаас авч үзвэл. 2019 онд 1,117.58 толгой мал, 2022 онд 2,064.07 толгой мал, 2022 онд 3,012.33 толгой мал тус тус хорогдсон байна.

- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгааны дүгнэлтээр манай улсын малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой байна. Эрсдэл даах чадвар муу өрхүүд хөрөнгө, боломж хязгаарлагдмал тул өвлийн бэлтгэлээ сайн базаах чадамжгүй, нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд малаа алдаж, ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй байна. Судалгаанд хамрагдсан 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрхийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид-19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ.

Иймд уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн.

Хуулийн төсөл баталснаар Монгол Улсын төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдлаас хамаарч малчны тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах болзол, нөхцөл бүрэлдэх аж.

ШИНЭ МЭДЭЭ