МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.04.24
Улстөр

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хууль зүйн байнгын хорооны /2024,04,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар хуралдаанд танилцуулсан.

“Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч, ард түмний жаргалтай амьдралаас хулгайлагч хүчин зүйл болсон авлигатай тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах нь Та бидний эрхэм зорилго” хэмээн тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлоод тийм ч учраас 2023-2024 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан гэв. Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг арилгаж, бүх шатад авлигатай тэмцэн, хүний эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгон, иргэд олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Засгийн газраас нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг дурдав.

Авлигатай тэмцэх гол арга замын нэг нь төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал гэдгийг тэрбээр онцлоод “Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж ажилласан” гэв. Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр 18 байраар урагшлаад байгаа аж. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дууссантай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний төсөлд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 295 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр авлигагүй төр-нийгмийг цогцлоож, шударга ёсыг тогтоон, ард түмний алдагдсан боломж эрхийг сэргээхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсан юм. Төслийг дэмжиж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлээд, сонгуулийн зардлыг бууруулах, улс төрийн санхүүжилтийг ил тод болгохын ач холбогдлын талаар хэлж энэ талаарх нарийвчилсан заалтуудыг тусгах санал хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд хэлэлцүүлэгт оролцуулахгүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахгүй байх шаардлагын талаар тайлбарлав. Иймд ашиг сонирхлын зөрчлийн талаар зохицуулалтыг энэхүү хөтөлбөр төдийгүй бусад хууль тогтоомжид илүү нарийвчлах тусгах санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Нийгэмд авлигыг таслан зогсоох ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг зөвхөн ажлаас нь халаад зогсохгүй гэмт хэрэгт нь тохирхох ялыг оногдуулах нь зүй. Тиймээс бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх боломжийг хаах, улмаар таслан зогсоох нь гол зорилго” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ