МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЕРӨНХИЙЛӨГЧ “УСНЫ ЭКО САВ” ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
2024.04.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ЕРӨНХИЙЛӨГЧ “УСНЫ ЭКО САВ” ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

“Монзол” группын Ерөнхийлөгч Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам нар “УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт танилцууллаа.

Олон улсын чанар, стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн “УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэр 2023 оны 11-р сард үүдээ нээж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. БНСУ-ын Dae Lim chemical компанийн хүнсний зориулалттай, HDPE 5502 буюу нэн өндөр нягтралтай, хэт ягаан туяа, чийг, химийн бодист тэсвэртэй, хөнгөн түүхий эд ашиглан 60-100 литрийн багтаамжтай шингэн хүнсний сав үйлдвэрлэж байна.

“Монголд үйлдвэрлэв” шошготой шинэ бүтээгдэхүүн нь химийн хорт бодис ялгаруулдаггүй, хүнсний чанарыг муутгахгүйгээр удаан хадгалдаг онцгой давуу талтай.

Ус, сүү, айраг, цагаан идээ зэрэг шингэн хүнс хадгалахад химийн урвалд орохгүй, элдэв амт, үнэр шингэхгүй, хөгц, мөөгөнцөр үүсэхгүй, зэвэрдэггүй, хөнгөн, бат бөх шинж чанартай, -80ºС+180ºС хэмд тэсвэртэй. Битүүмжлэл сайтай, том амсартай тул угааж цэвэрлэх, ариутгах, хатаахад хялбар. Нэмэлтээр суурилуулдаг цорго нь саван дахь шингэнийг юүлэхэд хялбар, өөрт нь буй ховил суваг нь эвдэрч гэмтэхгүй, ачаалал даах чадварыг нь нэмдэг байна. Үйлдвэрлэх, дахин боловсруулахад эрчим хүч, ус ашиглалт, хаягдал багатай, байгальд ээлтэй, хөгжингүй орнуудын стандартад нийцсэн эко бүтээгдэхүүний давуу талуудыг онцлон танилцуулсан байна.

“Усны эко сав” ХХК 60, 80, 100 литрийн усны савнуудаа “Номин”, “Сансар”, “Миний сүлжээ” дэлгүүрүүдээр худалдаж байна. 60 литрийн сав нь 155000, 80 литрийнх нь 160000, 100 литрийнх нь 165000 төгрөгийн үнэтэй. Харин хүний эрүүл мэнд, амь нас үнэлж баршгүй үнэ цэнтэй.

Манай улс сав баглаа боодлынхоо 70 хувийг импортоор авч, 30 хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Импортын сав баглаа боодлын 97 хувийг урд хөршөөс авдаг. Нийт сав баглаа боодлын 60 хувийг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд дийлэнх нь аюул дагуулах 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

“УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэр нь хортой хоргүй хавдар, олон төрлийн өвчний голомт болсон хуванцар савны буруу хэрэглээг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагатай бүтээн байгуулалт юм.

ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС САВ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?

Хорт хавдрын нас баралтаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог, ходоодны хорт хавдраар 183 орноос 1 дүгээрт ордог манай улсад хуванцар сав өдөр тутамд ноцтой аюул учруулдаг.

Жилдээ 153,473 тонн химийн хортой болон аюултай бодис импортолж, 25-100 литрийн 11 мянга гаруй ширхэг хоосон сав үүсч, хоол хүнсэнд дахин ашиглагддаг. Жишээлбэл, химийн бодис, техникийн тосны зориулалттай 60 литрийн цэнхэр саванд гэхэд ус, айраг, сүү зэрэг шингэн хүнс хадгалах нь нэн түгээмэл. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 829 өрхийн дунд судалгаа явуулахад хөдөөд 78,1 хувь нь, хотод 50,4 хувь нь химийн бодис, техникийн тос хадгалах зориулалттай сав өргөнөөр ашигладаг нь илэрчээ. Цэнхэр саванд гэхэд хар тугалга хүлцэх хэмжээнээс 60-72 дахин, аммиак 27 дахин, формальдегид 3600-6900 дахин их хэмжээгээр агуулагддаг. Ус зөөхөд тогтмол хэрэглэдэг шар, цагаан савууд нь ч эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлан тогтоосноор хуванцар саванд хадгалагдаж буй ундны усанд хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800 дахин, формальдегид гэх хорт бодис 1800-6900 дахин их байгаа нь илэрчээ.

Энэ нь бүх төрлийн хортой, хоргүй хавдар, мэдрэлийн саажилт, үе мөчний үрэвсэл, ургийн гажиг, хүүхдийн тархины хөгжил, ой санамж муудах зэрэг олон янзын өвчин эмгэг үүсгэх урхагт үр дагавартай. Нэг өрх дунжаар 20-100 литрийн 3-4, улсын хэмжээнд 2,1-2,4 сая ширхэг зориулалтын бус хуванцар сав ашиглаж, ундны ус, сүү, айраг, цагаан идээ зэрэг хоол хүнс хадгалж, өдөр тутам хэрэглэдэг нь олон төрлийн өвчин, хорт хавдрын эх үүсгэл болдог байна.

БУРУУ ЗУРШЛААС ЗӨВ ХЭВШИЛД БУЮУ ХОРТОЙ САВЫГ ЭКО САВААР СОЛИХ АЯН

“Монзол” группийн Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Чинбат хуванцар савны хорт зуршлыг эко савны эрүүл хэвшлээр солих аян санаачлан өрнүүлж байна. Тэрбээр, сольж авсан хүнсний зориулалтын бус хортой савыг цуглуулан авч, дахин боловсруулж хайлуулаад хашаа, сандал, замын хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэх боломжийг судалж, бодитой ажил болгохоор төлөвлөөд байгаа юм.

Олон улсад хуванцар савны тэмдэглэгээ, хүнсэнд удаан хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэлийг нь нарийн тогтоож мөрддөг. Жишээ нь: "1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй бол "2", "4" нь хор хөнөөл багатай, зарим нь нэг удаа хэрэглээд хаях зориулалттай. Харин "3", "6", "7" тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд хортой, хоол хүнсэнд хэрэглэх нь аюултай. Гэтэл ийм тэмдэглэгээтэй цэнхэр савыг хүнс хадгалах, шар, цагаан хуванцар савыг нь ус зөөхөд ашиглаж байгаа нь ноцтой аюул дагуулдаг. Хуванцар савны буруу хэрэглээ нь нэг хүний эрүүл мэндийг сүйтгэх бус өрх бүлээрээ, өргөн хүрээгээр өдөр тутамд эрсдэлд ордгоороо илүү хор урхагтай.

“ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ”

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах багц бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, ‘’Хүнсний хувьсгал” “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтаар хэрэгжиж буй хүн амыг өргөнөөр хамарсан эрт илрүүлэг, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, хуванцар савны хэрэглээг бууруулах, органик хүнс үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрүүд нь хөрс, хүнс, хүний эрүүл мэндийн харилцан шүтэлцээнд тулгуурласан багц бодлого, хууль, хөтөлбөрүүд юм.

Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан. УИХ-ын 2023 оны Намрын чуулганаар Ч.Ундрам нарын 6 гишүүн санаачилж, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Өнөөдөр монголчуудын өдөр тутмын хүнсний ердөө 1 хувь нь органик баталгаатай байгааг 5 дахин өсгөхөөр хуульчилсан юм. Хоол хүнс чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байхыг илэрхийлдэг байна.

Хүнсний зориулалтын бус хуванцар саван дахь химийн хортой аюултай бодисууд хүний биед нэвчиж, олон төрлийн өвчин, хорт хавдар үүсгэдэг тул дэлхий нийтээр ахуйн хэрэглээнд бүрмөсөн хориглосон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хуванцар савны буруу хэрэглээ, хоол хүнс, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй хавдрын өвчлөл сүүлийн 30 жилд хурдтай өсч, залуужиж байгааг улс орнууд, хүн төрөлхтөнд хандан анхааруулсаар байна.

ШИНЭ МЭДЭЭ