Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
2024.05.01
Эдийн засаг, Худалдаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ