МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2024.04.26
Хүний эрх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бейсен, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүү шүүлтийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нийцүүлэн нэмэлт оруулах, зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тооцож байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тус нэмэлт протоколын 17 дугаар зүйлд “Оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бие даасан, хараат бус Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүргийг хүлээлгэсэн.

Иймд соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протокол дотоодын хууль тогтоомжтой адил үйлчлэх ёстой ч практикт эрх зүйн тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэлээ.

Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйл, 25 заалттай бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу боловсруулагдсан аж.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:

1. Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь иргэн бүрийн жам ёсны болоод бусад эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, хоорондоо харилцан уялдаатай. Энэ тогтолцоонд хүний эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрхийг хамгаалах, хангах зорилгоор урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эрхэлдэг тогтолцоо буюу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр төлөөлүүлэн багтааж Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бүрэн бэхжүүлэхээр тусгалаа.

2. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. "эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг” гэж заасны дагуу ЭШУС үндэсний ажиллагааны төсвийг бүрэн хараат бус байхаар нэг мөр зохицуулах, чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан шууд нөлөөлөх эрсдэлтэй байдлыг хязгаарлан ЭШЭК-ын нэмэлт протоколд нийцүүлэх шаардлагыг хангахаар зохицууллаа.

Мөн ЭШЭКНП—ын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Оролцогч улсууд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, хөрөнгөөр хангах үүрэг хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлж ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнийг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсвийг захиран зарцуулах төсвийн ерөнхийлөн захирагчаар Төсвийн тухай хуульд тодотгох нэмэлтийг тусгалаа.

3. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллана.”, энэ зүйлийн 36.3 дахь хэсэг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж нь ... зөвхөн энэ хуулийн 33.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно.” гэж хуульчилсан баталгааг хангах зорилгоор ЭШУС нэгжийн даргыг томилж, чөлөөлж байгаа одоогийн зохицуулалтыг дэмжиж, нэгжийн албан хаагчдыг комиссын тамгын газарт харьяалуулахгүй байж, хараат бус байдлыг бүрэн хангахаар тусгалаа.

4. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулиар ЭШУС асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй байгааг нэмэлтээр тусгав.

5. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколд ЭШУС нэгжийн албан хаагчдад тавигдах шаардлага, шалгуурыг тогтоосны дагуу ЭШУС асуудал эрхэлсэн гишүүн нь ЭШЭК, түүний нэмэлт протоколын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “Оролцогч улсууд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын шинжээчид шаардлагатай ур чадвар, ”нэгжийн албан хаагчид тавигдах тусгай шаардлага бүхий журам гаргах эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгаж ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгцээ шаардлагыг төсөлд тусгав.

6. Комиссын болон ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний хууль зүйн баталгаанд тэдгээрийн ажлын онцгой нөхцөлтэй уялдуулан тээврийн хэрэгслийг нэмэлтээр оруулж үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах үндсийг бэхжүүлэхээр тусгав.

Хуулийн зохицуулах харилцааны онцлогийг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр боловсруулах бөгөөд дараах зохицуулалтыг тусгажээ:

- Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнээр төлөөлүүлж ЭШУС үндэсний механизмыг оруулж, түүний тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох;

- ЭШЭК конвенц, түүний нэмэлт протоколд нийцүүлж ЭШУС үндэсний механизмын хяналт шинжилгээ хийх хүн өөрийн хүслээр гарч болохгүй бүх газруудад цэргийн ангиудыг болон хүн өөрийн дураар гарах боломжгүй бүх газрыг хамруулах;

- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд гишүүн, нэгжийн албан хаагчид хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт хийх, гаргасан байгуулага, албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

- ЭШУС нэгжийн албан хаагчдын хараат бус байдлыг хангах, эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Олон улсын гэрээ, Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх;

- ЭШУС нэгжийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Олон улсын гэрээнд зааснаар тусгах;

- Комиссын болон ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний халдашгүй байдлын баталгааг хангах;

- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг эрүүгийн хуулийн нэг бүлэг болгож эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох;

- Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж тодорхойгүй байдал үүсгэж байгаа зохицуулалтыг өөрчлөх;

- Эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах;

- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд зориуд саад учруулах үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж үзжээ:

1/ Монгол Улсын Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт хангагдана;

2/ Үндсэн хуульд заасан эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгийн хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах үндэсний урьдчилан сэргийлэх механизм бэхэжнэ;

3/ Олон улсад жишиг сайн туршлага болж үнэлэгдэнэ;

4/ Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгана;

5/ Үг, үсэг, утга найруулга, нэр томьёоны алдааг арилгана.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, Хууль тогтоомжийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцсэн

ШИНЭ МЭДЭЭ