МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД ХОРШОО БАЙГУУЛАХ ЗААВАРЧИЛГАА ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
2024.05.07
Орон нутгийн хөгжил

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД ХОРШОО БАЙГУУЛАХ ЗААВАРЧИЛГАА ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгөн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийн хамт бүсийн аймгуудын сумдад ажиллаж байна.

Өнөөдөр Дорнод аймгийн Булган сумын иргэдтэй уулзаж, мөн төрийн байгууллагуудаар орж “Шинэ Хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулав. Үүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Засгийн газрын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэдийн саналыг сонслоо.

Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.
Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банк 20 хоногийн хугацаанд олгох юм байна. Хэрвээ энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах юм.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр чинээлэг малчныг бий болгохын төлөө дэм дэмэнд хамтдаа ажиллахыг дэд сайд М.Ганхүлэг уриалж, хоршоог нэвтрүүлэх сургагч багш нарыг танилцуулж, хоршооны талаар чиг баримжаа өглөө.

ШИНЭ МЭДЭЭ