СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Онгон сумын иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзаж Үндэсний баялгийн сангийн тухай хууль, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг танилцуулж, малчид хоршиж дэм дэмэндээ хөгжих боломж бүрдэж буйг хэллээ.
Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчид Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр есөөс дээш тооны малчин нэгдэж 50 сая хүртэлх төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Тухайлбал, хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгөх юм.
- Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэ салбарт ажиллаж буй 4 хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж үзэж байна хэмээн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг онцлов.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр 5 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээ хийж дууссан байна.
ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН…..
Сүхбаатар аймгийн Наран суманд уулзалт хийж Үндэсний баялгийн сангийн хуулийн үзэл баримтлал, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар иргэдэд танилцуулж, иргэд УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж бодлого шийдвэр, ХХААХҮЯ-аас үзүүлж буй хөнгөлөлт урамшууллын талаар асуулт тавьж хариулт авлаа.
Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх зорилготой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024.04.19-ний өдөр баталж, энэ тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн хүрээнд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдээс Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаар дамжуулан орлого төвлөрүүлж, захиран зарцуулах юм.