2024.05.15
Хууль, эрх зүй
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Дээрх төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Өнөөдрийн хуралдаанд Г.Амартүвшин гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа. Ажлын дэд хэсэг 4 удаа, ажлын хэсэг 3 удаа хуралдсан байна. Ажлын хэсгээс уг хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар санал оруулж буйг тэрбээр танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор хуульчилсан боловч Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг хангах, хамгаалах хүрээнд давж заалдах шатын шүүхийн одоогийн тогтолцоо байрших газрыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагаж мөрдөх хугацааны талаар дараах өөрчлөлтийг тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. 21 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, сум дахь сум дундын 8 шүүх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг байгуулах зохицуулалтыг ердийн журмаар, аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийг байгуулах зохицуулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шүүхийг байгуулах зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хуулийн төслөөс хасахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна.
Шүүх байгуулах тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 26 саналын томьёолол ажлын хэсгээс бэлтгэсэн байна.