Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барих нь зөв гэж шийдвэрлэв
Манай улс анх 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай болсон. Харин дөрвөн жилийн дараа дахин үнэлгээ хийж, хуулийг шинэчилж, өөрчлөх асуудлууд байна гэдгийг тогтоосон. Мөн олон улсын байгууллагуудаас санал зөвлөмж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай асуудал нь ганц яам, ганц сайдын эрхлэх асуудал биш. Энэ бол бүх яам, салбар, бүх сайд нарын түвшинд яригдах асуудал.
2023 онд таван аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв байгуулсан бол энэ онд мөн нэмж таван төв байгуулагдаж байна. Зургадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долдугаар сард бүрэн тоноглож, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байдгаас ихэнх нь хөдөлмөр эрхэлж, ажил хийх хүсэл сонирхолтой байдаг. Тиймээс хөгжлийн бэршээлтэй хүний хөдөлмөр эрхлэх төвийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэлээр байгуулж байгаа. Жишээ нь, энэ төв дээр ААН, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулдаг жишиг төвүүдийг байгуулна. Ээрмэлийн тоног төхөөрөмж, худалдааны тоног төхөөрөмж дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэрхэн ажиллах уу зэрэг дадлага туршлагаа хуваалцана. Энэ төвийн байгуулах зардлыг улсын төсвөөс шийдсэн бөгөөд тун удахгүй ашиглалтад орно.
Тус хуулийн гол онцлог нь Монгол Улс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр санхүүгийн зардлын ангилал гаргаж, сайд болгон уг асуудалд анхаарахаар энэ хуульд тусгасан.
Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал яригдахаар ХНХ-ын сайд эсвэл зөвхөн халамжийн асуудал төдийнхнөөр хандаж ирсэн.
Энэ хуулиар бүх яам, салбарын сайд нар өөрийнхөө багц дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд тодорхой төсөв тавьдаг байхаар тусгаж байна. Уг төслийг боловруулахдаа төр, төрийн бус байгууллагуудаар 20 гаруй удаа хэлэлцсэн, 450 гаруй санал авсан.
Үүнээс гадна уг хуулийн төсөл дээр дөрвөн гол зүйл тусгасан.
- Энэ салбарт ажиллах хүчний хомсдолтой байгаа учраас хүний нөөцийн асуудлыг хуульд шинээр зохицуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн ховор байгаа учраас мэргэжилтэн бэлтгэх, сургах асуудлыг багтаасан.
- Улсын их хурлын чиг үүргийг шинээр нэмсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг жил бүр УИХ-аар хэлэлцдэг болохыг тусгасан.
- Төрийн бус байгууллагуудад тавигдах шаардлагын асуудлыг оруулж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тусгай эрхтэй хүн биш. Бусад хүмүүс ямар эрхтэй байдаг, яг л тэдэн шиг эрхтэй байна. Тиймээс бүх салбарт энэ асуудлыг ижил тэгш хандаж ярих хэрэгтэй. Тиймээс төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн биелүүлэхээр тусгасан.
- Нийгмийн баталгааны асуудлыг тусгасан. Хөгжлийн бэрхээлийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг шийдэж байгааг тус тус тусгасан.