МЕТРОНЫ МЕГА ТӨСЛИЙГ "СОНГУУЛЬТ АЖИЛ, ПОПРОЛТ" ГЭДЭГ ӨНЦГӨӨР ХАРАХ НЬ УТГАГҮЙ!
Улаанбаатар хотыг анхлан 500 мянган хүн ам, 85 мянган автомашинтай байхаар тооцон төлөвлөсөн ч, өнөөдөр тэрхүү төлөвлөлт алдагдаж бүх талаасаа бөөгнөрөл, нягтаршил ихтэй хот болсон. Энэ нь асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж ирээгүйн дээр, Монгол Улс нэг хоттой байгаагийн шалтгаан ч байж мэднэ.
Хүн бүр л инженерийн байгууламж бүхий ая тухтай, ажлын байр олох боломжтой, хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших боломжтой суурин газар ажиллаж, амьдрахыг тэмүүлж байна. Эдгээр хүмүүсийг буруутгах аргагүй. Мөн хөдөө орон нутагт зуд турхан болсны дараагаар нийслэл рүү шилжих хөдөлгөөн эрс нэмэгддэг зэрэг цөөнгүй шалтгааны улмаас хотын хүн, ам өсөн нэмэгддэг юм. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1,7 сая хүн суурин, эрэн очдог хүмүүсээ нэгтгэвэл 2 сая, төрийн байгууллагуудын 90%, Их, дээд сургуулиудын 90%, ААН байгууллагуудын 75% нь төвлөрч байна.
Тэгэхээр нийтийн тээврийг “автобус” гэдэг ганцхан зүйлээр зохицуулж, хүртээмжийг хангалттай хэмжээнд байлгах боломжгүй болсон нь нууц биш. Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг шинэ түвшинд гаргах масс тээвэр нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн юм.
Метроны бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргын баг өнөөдөр гэнэтхэн шийдээд, маргааш барих гээгүй. Масс тээвэр нэвтрүүлэх асуудал 1983 оноос эхлэн яригдаж байсан юм билээ. Ингээд, Метро барьж байгуулах судалгааг 2010-2011 онд Солонгосчуудаар хийлгэж, үүн дээрээ үндэслээд 2011-2013 онд Япончууд урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж өгсөн. ТЭЗҮ-д тусгагдсан энэхүү төсөлд бидний өмнөөс хяналт тавих, зөвлөх үйлчилгээг авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, барьж байгуулах компанитай эн зэрэгцэхүйц туршлага хуримтлуулсан, нийслэлчүүдийн төлөө зарцуулагдаж буй нэг төгрөг бүрт хяналт тавих мөн технологийн дагуу баригдаж буй эсэхэд хяналт тавихыг PMC буюу зөвлөх үйлчилгээ гээд байгаа юм. Олон улсад энэ төрлийн үйлчилгээ нь тухайн төслийн 4-6%-тай дүйцэх хэмжээний төлбөртэй байдаг. Өнөөдрийн байдлаар зөвлөх үйлчилгээний тендер зарлагдаж,11 улсын 20 аж ахуйн нэгж байгууллага өрсөлдөж байна.
П.Сайнзориг
Үүний дараагаар Метро барих компанийг сонгон шалгаруулах тендер зарлагдана. Тендер амжилттай болсон нөхцөлд, энэ намартаа багтаад түнель ухахад зориулагдсан тоног төхөөрөмжийг татах, угсрах, зарим суурь судалгааг нэмж хийх, газар чөлөөлөлт гэхчлэн ажлууд үе шаттай хийгдэх юм.
Түүнчлэн, Метро барих төслийн санхүүжилтийг Нийслэл өөрөө шийдвэрлээд явах бөгөөд энэхүү төсвийн боломж Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгээр бий болж байгааг онцлох нь зүйтэй.
Уг бүтээн байгуулалтад 350 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна. Метро гэдэг нь зөвхөн А цэгээс Б цэгт хүрэх тухай асуудал биш. Иргэдийн амьдралын хэв маягт дэвшил гарч, ажил төлөвлөлт, цаг барих асуудал шийдэгдэхийн сацуу эдийн засгийн томоохон боломжууд үүснэ.
Тухайлбал, Метроны шугам дагасан зар сурталчилгаа зэргээс 250-300 сая ам.доллар олж, бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ.
Метро, Дүүжин тээврийн удирдлагын төвд ажиллах боловсон хүчин, инженер, засвар үйлчилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай. Энэ хүрээнд, бид БШУЯнд албан ёсоор хандаж, төрийн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллахад зохих дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн цөөн тооны хүмүүсийг БНСУ болон бусад улсад сурган, мэргэшүүлээд явж байна.
Хот хэмээх их айлын гал тогоонд ажиллаж буй хуульчийнхаа хувьд эрх зүйн орчныг сайжруулахад бүрэн фокусласан. Тухайлбал, 2023 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталж, 30 гаруй хуулиудыг дагаж боловсруулсан. Мөн хотын эдийн засаг, бие даан хөгжих бололцоог бүрдүүлж гадаад, дотоод үнэт цаас гаргах хуулийн орчинг бүрдүүлэхийн сацуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулан өргөн барив. Одоогийн байдлаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль дээр ажиллаж байна.
УЛААНБААТАР МЕТРО
- Чиглэл Амгалан-Таван шар
- Шугамын урт 17,7 км /газар доогуур 6,6 км/
- Буудлын тоо 14
- Буудал хоорондын дундаж зай 1,3 км
- Аяллын хугацаа 27 мин
- Дундаж хурд 39,2 км/цаг