ДАЯН ДЭЛХИЙН ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ БА БЭЛЧЭЭР, НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ТАЙЛАН ГАРАВ
2024.05.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

ДАЯН ДЭЛХИЙН ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ БА БЭЛЧЭЭР, НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ТАЙЛАН ГАРАВ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (ЦТК)-оос бэлтгэн гаргадаг Даян дэлхийн газрын төлөв байдал ба Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлангийн албан ёсны нээлт, танилцуулга хийв.

НҮБ: БЭЛЧЭЭРИЙН НУТГИЙН “АМЬ ТАСАРВАЛ” УУР АМЬСГАЛ, ХҮНС ТЭЖЭЭЛИЙН БАТАЛГАА, ОЛОН ТЭРБУМ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАР ЭРСДЭЛД ОРНО

Эх газрын ихэнх хэсгийг эзлэх, өргөн уудам, байгалийн болон таримал бэлчээр нь хэт ашиглалт, зүй бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдрал зэргээс доройтож буй нь хүн төрөлхтний хүнсний хангамжид эрсдэл учруулж, олон тэрбум хүний амьдралын чанар болон амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг энэхүү тайлан сануулж, нээлтийн үеэр НҮБ-аас онцолж байв. Тус тайлангийн зохиогчид дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50% хэдийнээ доройтсон хэмээн дүгнэлтээ танилцууллаа.

Бэлчээрийн доройтлын шинж тэмдгүүдэд хөрсний үржил шим ба шимт бодисын хомсдол, элэгдэл эвдрэл, давсжилт, хүчиллэгжил, хөрс нягтрах зэрэг ургамал ургахад саад учруулах үйл явцууд хамаарна. Энэ бүгд ган, хур тунадасны хэлбэлзэл, газрын доорх ба дээрх биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг бий болгож буй юм.

Энэ асуудал хүн амын өсөлт, хот суурин газрын тэлэлтээс үүдэлтэй хүнс, эслэг, түлшний хэрэгцээ хурдацтай нэмэгдсэнээр бэлчээрийг тариалангийн талбай болгох, бэлчээрийн даац хэтрүүлэх, бэлчээрийг эзгүйдүүлэх болон хэт ашиглалтыг дэмжсэн бодлого зэргээс үүдэлтэй.
Тайлангийн нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, НҮБ-ын ЦТК-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ибрахим Тиав, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийг бодлогын зөвлөх Н.Батхүү болон Элчин Сайд нар, олон Улсын байгууллагын Суурин зохицуулагч, Төлөөлөгч нар мөн, АНУ-ын Нью Йорк хот, ХБНГУ-ын Бонн хот, ИБУИНХУ-аас энэхүү тайланг боловсруулж, бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, судлаачид онлайнаар оролцож, нээлтийн арга хэмжээг олон Улсад шууд дамжууллаа.

ШИНЭ МЭДЭЭ