Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.05.22) хаалаа. Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллалаа.
Сонсголыг Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдал гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 6 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 96 гэрчээс 66.7 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо.
Сонсголд Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Мөн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар ажиллав.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, бүх шатанд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, татвар төлөгчдийн хяналтын оролцоог хангахын ач холбогдлыг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд сонсголын туршид холбогдох мэдээллийг бүрэн хүргэсэн гэж найдаж байна. Төрийн худалдан авалтын үйл явц, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийг хаах шаардлага байна гэдгийг бид мэдэж авлаа.
Тиймээс Сангийн яамнаас асуудлыг бүхэлд нь хянаж, дүгнэлт гаргаад холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байв. Үүссэн асуудалд төр буруутай хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хэлээд “Ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд зарчмуудыг тодорхой тогтоож, хариуцлагын тогтолцоох бэхжүүлэх нь нэн чухал байна. Мөн төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн ажил үүргээ гүйцэтгэдэг байх нь олон эрсдэлээс сэргийлэх, алдаа гарахгүй байх суурь болно” гэв. Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллуулах, улмаар ямар нэг шийдвэр гаргадаг байдлыг халж, холбогдох зохицуулалт хийж байх шаардлагын талаар гишүүд олонтаа хэлж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нийтээрээ аливаа асуудалд шинжлэх ухаанч хандах шаардлагын талаар хэлж байсан бол Т.Доржханд гишүүн төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль зөрчиж төрийн худалдан авалт хийдэг үйл явц, үүн дээр Тагнуулын ерөнхий газар зөвлөмж өгсөн зэргийг шүүмжилж, нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын үр дүнд иргэдэд олон мэдээлэл ил тод болж буйг тэмдэглэсэн. Нийтийн нийтлэг эрх ашигт харшилсан аливаа асуудлыг парламент хянан шалгах эрх, үүргийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцдэг болсноор “Хөгжлийн банкны”, “Нүүрсний”, Эмийн асуудлаарх сонсголуудыг зохион байгуулж, иргэдэд олон асуудлыг ил тод мэдээлсэн хэмээн Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ. Нэн тэргүүн шинжээчид, нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурал төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон. Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэв.
Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн, Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө.