Б.Уянга: Эрдэс баялгийн салбарт ил тод засаглал нутагшиж байна
Монголчууд баялагтаа эзэн болж сайхан амьдрахад уул уурхайн салбарын ил тод байдал, сайн засаглал чухал нөлөөтэй. Энэ чиглэлээр УУХҮ-ийн яам тодорхой ажлуудыг манлайлан хийж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ. Биржийн үр дүнд байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд нээлттэй байх, ашигт малтмалыг худалдан борлуулах үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон билээ. Үүний үр өгөөжийг монголчууд бид хүртэж байна.“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний 30-40 хувийг дэлхийн зах, зээлийн ханшаар буюу 170-180 ам.доллароор зарж, төсөв ашигтай гарах нөхцөл, суурийг тавилаа.
Үр дүнд нь валютын нөөц өсөхөд эергээр нөлөөлж байна. Биржийн үр дүнд мэдээлэл ил тод болсноор субъектив хандлагатай, эрх мэдэлтнээс хамааралгүй үнэ өсөж, зах зээлийн үнэд ойртсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлсэн билээ. Энэ бол нүдэнд харагдаж буй бодит үр дүн. Түүнчлэн манай улс уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт ихтэй металлууд дээр том тоглогч байх ёстой. Ашигт малтмалын хангалттай потенциал бидэнд бий.
Үүнийгээ илүү сайн мэдэхийн тулд хайгуулын ажлаа хийх хэрэгтэй. Эрэлт нь ихсэж буй зах зээлд тоглогч болох ирээдүй бидэнд байна. Тухайлбал, сүүлийн үеийн техник, технологийн гол түүхий эд болох зэс онц чухал ашигт малтмалд ордог.
Монгол Улс зэсээр баян орон. Иймд 2024.04.29-ны өдрөөс эхлэн зэсийн баяжмалаа биржээр арилжаалж эхэллээ.
Эхний ээлжид Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж ажиллах юм. Монгол Улс 56.5 сая тн зэсийн баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэх юм.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 56,5 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024.04.19-ний өдөр батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн сайхан мэдээтэй он тохиож байна. Баялгийн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангуудад Уул уурхайн салбарын үр ашиг хуримтлагдаж нийт ард иргэдэд бодит утгаар үр өгөөж нь шууд хүрэх нөхцөл бүрэлдлээ.
Уул уурхайн салбар зогсох ёсгүй. Бид өндөр хариуцлага доор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулснаар баялгийн сан арвижиж, ер нь бүх Монгол иргэд сайн сайхан амьдрах боломж бүрдэнэ.
Байгалийн баялгийн үр өгөөжөөр санхүүгийн капитал буюу нийтээрээ чинээлэг болсон байх, нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой дэд бүтэц баригдсан байх, мөн нийтээрээ боловсрол, эрүүл мэндийн чанарын хувьд дээшилсэн байх, бусад эдийн засгийн салбарууд хөгжих суурь нөхцөл хангагдсан байх учиртай. Үүний төлөө УУХҮ-ийн яам хариуцлагатай, хүртээмжтэй уул, уурхайн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.