МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2024.05.28
Эдийн засаг, Худалдаа

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.28/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага өнөөдрийн байдлаар 496 орон тоотойгоор 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагыг хамруулан гүйцэтгэл, нийцлийн аудит хийж байна. Манай улсын эдийн засаг өсөж байгаагийн хэрээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлж, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улсын төсвийн нийт орлого, зардал өсөн нэмэгдэж байгаатай уялдан төсвийн сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлага улам бүр ихсэж, төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын тоо, ажлын цар хүрээ өргөжиж, ажлын ачаалал нэмэгдэж байна.

Тодорхой жишээ дурдвал, сүүлийн гурван жилийн дунджаас харахад нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 2.2 хүн өдөр зарцуулахын зэрэгцээ 200 гаруй гүйцэтгэл, нийцлийн аудит гүйцэтгэж, нэг аудитор 4.7 аудит гүйцэтгэж, аудит зарцуулах дундаж хугацаа 80 орчим хуанлийн хоног байгаа нь гүйцэтгэлийн аудитыг 90-180 хоногт гүйцэтгэдэг олон улсын жишгээс 2.6 дахин богино байна. Энэ нь аудитын үр дүн, илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна гэв.

Мөн хүний нөөц дутмаг байгаагаас шалтгаалан зарим санхүүгийн тайлангийн аудитыг хувийн аудитын хуулийн этгээдээр, гүйцэтгэл, нийцлийн аудитад мэргэшсэн инженер, нарийн мэргэжлийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах шаардлага байнга тулгарч байна. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан орон тоог 99 аудитороор нэмэгдүүлж, дээд хязгаарыг 585 болгох тооцоо, судалгааг хийсэн. Уг асуудал шийдэгдсэнээр хуульд заасны дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл сайжирч, аудитын илрүүлэлт нэмэгдэх, шат шатны төсвийн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан, Байнгын хорооноос 2025, 2026, 2027 он буюу гурван жилийн хугацаанд төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож өгч байгааг тодотгоод орон тоогоо нэмэгдүүлэхдээ ажилд нэмэр болох, аудитор хийх чиг үүргийн албан хаагчдыг авч чадавхжуулах, цаашлаад орон нутгийнхаа нэгжийн байгууллагын ачааллыг бууруулахад онцгой анхаарч ажиллах ёстой гэв. Мөн төрийн аудитын байгууллага орон тоогоо нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийг өглөө.

Дараа нь Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ