МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2024.06.12
Гадаад харилцаа

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгөх ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглээд, энэхүү айлчлал нь “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааны шинэ жарны хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Талууд бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон ашиглаж, харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын зүгээс Лаос Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах монгол хивсийг хүлээлгэн өгч буйд лаосын тал талархал илэрхийлэв. Энэ оны 03 дугаар сард БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд бэлэглэх хатуу улаан модон тавилгыг хүлээлгэн өгөх-хүлээн авах протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

“МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”

“ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

ШИНЭ МЭДЭЭ