Бизнес, баялаг бүтээгчдийг төлөөлнө
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар #9 нэр дэвшигч Дашцэрэнгийн Энхтүвшинг танилцуулж байна.
Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг танилцуулахдаа, “бизнес, баялаг бүтээсэн хувийн хэвшлийн төлөөлөл ороод ирэхээр цаашдаа шинэ хөрөнгө оруулалт татах, шинэ санхүүгийн арга хэрэгслийг бий болгоход Д.Энхтүвшингийн хичээл зүтгэл парламентад чухал үүрэгтэй” гэдгийг тодотгосон.
Д.Энхтүвшин нь Дорнод аймагт 10 жилээ төгсөөд хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн ангийг сонгож байлаа. Гэхдээ хоёрдугаар курсээсээ менежментийг практик дээр хүнтэй ажиллаж байж сурах юм байна, харин санхүүгийн мэргэжлийн хэрэгцээ илүү байж магадгүй гэж тооцоод сургалтын албандаа санхүүгийн мэргэжлээр давхар суралцах хүсэлт тавьсаныг нь зөвшөөрснөөр тэрээр МУИС-ийн ЭЗС-ийг санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгсөж, 1997 онд "MCS" группт санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон байна.
Д.Энхтүвшин
Түүний 23 жилийн карьерын нэг онцлог гэвэл, CEO буюу гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаагүй. Голдуу дэд захирал эсвэл аль нэг функц хариуцсан менежер гэх мэтээр удирдлагын хоёрдугаар, гуравдугаар түвшинд ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, дандаа л дээрээ удирдлагатай, дэргэдээ ижил түвшний менежерүүдтэй, доороо баг, хамт олонтой ажиллаж ирсэн байдаг.
Хэдий гүйцэтгэх захирал болох боломж байсан ч өөрөөсөө илүү хүмүүс байгаа, тиймээс тэр захиралдаа сайн дэмжлэг үзүүлье гэж бодож, баг болж ажиллахыг илүүд үздэг байжээ. Энэ нь түүнд шинэ юм сурах, байнгын өөрчлөлтөнд бэлэн байх, аливаад дасан зохицох, өөр олон чиглэлийн ажил хийх боломжийг олгож ирсэн юм.
Д.Энхтүвшин "Шарк Танк" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болж, олны өмнө гарч ирсэн билээ.
1990 оны сүүл, 2000 оны эхээр итгэл үнэмшлээр нэг хэсэг МАН-ын оюутан, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан боловч захирал Ж.Оджаргал аль нэгийг сонгоорой гэхэд нь эргэлзээгүй компаниа сонгож байсан гэдэг. Харин өнөөдөр түүний сонголт нь МАН буюу Монгол Улсын парламент, хууль тогтоох дээд байгууллагад бизнесийн салбарын төлөөлөл болон ажиллахаар нэр дэвшээд байгаа юм.