ЭГИЙН ГОЛЫН УЦС БАРИХАД ОХУ-ЫГ ХАМТРАХЫГ ХҮСЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэд хэдэн асуудлаар ярилцсан. Үүнд эрчим хүчний асуудал сөхөгдлөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, "Монгол улс сүүлийн үед эрчим хүчний дутагдалд нэлээд орж байна. Монгол Улсын эдийн засаг сайжирсан, үйлдвэр заводууд шинээр нэмэгдэж байгаа учраас эрчим хүчний дутагдал нэлээн гарч байна. Бид урд хөрштэйгөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар тохирсон. 100МВт-ын хүчин чадалтай станц байх юм. Би өмнө нь Бээжинд явж байхдаа ОХУ-тай хамтран Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг хамтран гүйцэтгэе гэж байсан. Мэдээж байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалж байгаа. Эрдэмтдийн судалгаанууд ч гарсан. Судлаад энэ станцын асуудлыг хамтран шийдвэрлэхийг хүсэж байна." гэв.