МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.ЗОЛЖАРГАЛ: ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2024.08.05
Гадаад харилцаа

Ж.ЗОЛЖАРГАЛ: ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Өдгөө дэлхийн 87 улсад 220 гаруй мянга монгол ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн санаачлагаар "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" төрийн бус байгууллага байгуулагдан, энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд 47 орны, 170 гаруй холбоо, ТББ-ыг нэгтгэжээ. 

Арван жилийн ойн хүрээнд наймдугаар сарын 2-5-ны хооронд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулснаас гадна "Diaspora Mongolia" фестивалыг Чойжин ламын сүм музейд зохион байгууллаа.

Чуулганы үеэр Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал, Монгол бахархал, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал, Эх хэл, түүх, өв соёлын боловсрол, Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцон хилийн чанадад суугаа монголчууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар хөндсөн байна. Тэрээр “Гадаадад байгаа 220 мянган монгол иргэн  их наядаар тоологдох мөнгө эх орондоо ирүүлж, соёл, бизнесийн гүүр болж байгаа хэрнээ Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ ч эдэлж чаддаггүй. Энэ шударга бус байдлыг өөрчилж, байгаа газраасаа үл хамааран цахимаар саналаа өгдөг эрх зүйн орчныг бий болгоё. Техникийн хувьд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй.” гэжээ.