МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Золжаргал: Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл татварын хөнгөлөлт хэрэгтэй!
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал
2024.08.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Золжаргал: Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл татварын хөнгөлөлт хэрэгтэй!

Улаанбаатар хотод хүн амын тал нь суурьшиж буй. Нийслэл рүү чиглэсэн энэ хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, автозамын түгжрэл, агаар хөрсний бохирдол зэргийг үүсгэхийн сацуу нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг араасаа дагуулж байна.

Нэг ёсондоо, Улаанбаатар хот өдөр ирэх тусам хүн амьдрахад таатай бус орчин болсон. Тэгвэл нийслэлээс мэргэжлийн инженер хүн сонгогдон төр түшилцэж байгаад олон хүн сайшаалтайгаар хүлээн авч буй. Дээр хэлсэнчлэн нийслэл хотын асуудал уул овоо мэт их. Ийм цаг үед инженер хүний бодлого, тооцоолол асар их дутагдаж байгааг Баянголчууд харж сонгосон нь дамжиггүй. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал аж үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжин хөгжүүлж, нийслэлийн оршин суугчдын орон байрны асуудалд техник үйлчилгээ бус бодлогын чанартай зохицуулалтуудыг нэвтрүүлэх тал дээр илүү тод дугардаг. 

Тэрээр, "Монголын нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа тээвэр, логистикийн зардал 26 хувь, дэлхийн дундаж 13 хувь байдаг. Өөрөөр хэлбэл манай улс газарзүйн хувьд өртөг өндөртэй улс. Тиймээс монголын татвар харьцангуй хямд гэдэг нь зөрчилтэй тодорхойлолт юм. Монголд үйлдвэрлэл ашигтай үед хөгждөг. Ашигтай байхын тулд байгалийн газар зүйн сул талыг нөхөх татварын зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Хөрөнгө оруулъя гэхээр тэр нь ашигтай байдаггүй. Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлье гэхээр олигтой явж өгдөггүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа эсвэл үйлдвэр барих гэж байгаа бол байхгүй зүйлээс татвар авах гэж буй бол ирээдүйд бий болсных нь дараагаар авна гэдэг утгаараа гааль, нөат-өөс чөлөөлнө гэх мэт том зардал болдог. Тиймээс үйлдвэрлэл дэмжсэн, хөрөнгө оруулалт татсан бодитой татварын бодлогоор зохицуулах шаардлагатай зүйлс бий. Үүн дээр анхаарах ёстой" хэмээв. 

Түүнчлэн Ж.Золжаргал УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон. Тус байнгын хорооноос гарах гол бодлого, чиглэлийн талаар, инновац, цахим бодлого гэж чухамдаа юу болох, ямар ач холбогдолтой талаарх байр сууриа илэрхийлэв. 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал,

"Төрийн үйлчилгээг цахимжуулснаар үйлчилгээг нь хүртээмжтэй, түргэн шуурхай болгохоос гадна хамгийн чухал нь авлига буурдаг. И-Монголиа систем нэвтрээд маш олон хүнд хүрсэн. Тиймээс энэ мэт цахимжуулалтыг цааш нь төгөлдөржүүлэх шаардлагатай. Цахимжуулалт бол салбар болгонд л тулгамдаж байгаа асуудал. Тухайлбал, тээврийн салбар байна. Өндөр хурдны хямд сүлжээг өрх бүрд. Бүх насны хүмүүс зайнаас сурч боловсрох, гэрээсээ ажиллах, харьяалал үл харгалзан ЭМД-аар үйлчлүүлдэг болохын тулд мэдээллийн технологийг ашиглах. Хил хязгаар үл хамааран дэлхийн зах зээл дээр программ хангамж, мэдлэгийн үйлчилгээ эрхэлдэг монгол залуучууд бишгүй олон болж байна. Тэднийг бүр олон болгож, оюуны экспортын орлогоо нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хиймэл дагуул, сансар судлал, мэдээллийн аюулгүй байдлаа хангах хялбар, хямд технологийн шийдлүүд бий болсон. Монгол хиймэл дагуул, сансар судлалын бааз, олон улсад ажиллаж байгаа судлаачдаа дэмжих хэрэгтэй байна. Нисгэгчгүй онгоц, жолоочгүй гудамж цэвэрлэгч машин, кофе зөөгч робот, үйлдвэрийн автомат удирдлага зэргийг монгол залуучууд хөгжүүлж байна. Ийм инновацыг тусгайлсан бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ковид мэтийн халдварт өвчний давтамж дэлхийн хэмжээнд ойртож байгаа. Монголчууд бүх эрүүл хүүхдээ вакцинд хамруулдаг хэр нь Үндэсний вакцины хяналтын лаборатори байдаггүй.

Цаашилбал малынхаа вакцинаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Монголын байгаль цаг уурын онцлогт үүсэн бий болсон ховор ургамал, малын гаралтай түүхий эдийн эм, гоо сайхны чиглэлээр ашиглах санаачилгууд бий, хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Генийн инженерчлэл, биотехнологийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Галт уулын чулуугаар базальт файбер хийх, нүүрсний гүн боловсруулалтын нийлэг мяндас үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн нарийн ноолууран утас, ноосны боловсруулалт, арьс ширний боловсруулалт гэх мэт. Дандаа дэлхийд өндөр эрэлттэй бүтээгдэхүүн. Мэдээллийн технологи, эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, дотоодын түүхий эдээр хийсэн супер материал, хүний хөдөлмөрийг орлох автомат машин зэрэг эдгээр технологи инноваци бол Монголын ирээдүй. Орос, Хятад их гүрний дунд оршин тогтнохын тулд дэлхийн технологийг түрүүлж эзэмшихээс өөр зам бидэнд үгүй. Нэгэнт технологи бол хүн ам цөөн хэр нь хурдтай монголчуудын онцлог учраас урт хугацаандаа үндсэн бүтцийн Технологи, инновацын яам байгуулах шаардлагатай" гэв.