Орон нутгийн ӨЭМТ-ийн удирдлага гүйцэтгэлийн санхүүжилтээс олсон орлогоороо эмч нарынхаа цалин урамшууллыг нэмэх боломжтой
Өнгөрсөн 5 дугаар сард Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтээс олсон орлогоороо эмч нарынхаа цалин урамшууллыг нэмэхэд Аудитын байгууллагаас акт тавьдаг талаар УИХ-ын гишүүн Д.Батлутад хандсан байна.
Тэрээр 2024 оны 5 дугаар сарын 21-ны №11 тоот албан бичгээр Төрийн аудитын газарт хандаж өрх, сум, тосгоны өрхийн эрүүл мэндийн төв, гүйцэтгэлийн санхүүжилтээс олсон орлогоороо ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад зарцуулсан зардалд аудитын дүгнэлт, албан шаардлага, төлбөрийн акт тогтоох асуудал гарсан эсэхэд хариулт авахаар ханджээ.
Өчигдөр буюу 2024.08.22-ны өдрийн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны үеэр Төрийн Аудитын газраас УИХ-ын гишүүн Д.Батлут энэ асуудалд хариулт авсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий Аудитороос “2022-2023 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар сум, тосгоны өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн санхүүжилтээс хэмнэгдсэн орлогыг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, хэмнэгдсэн хэсгээс эмч, ажилчдын нийгмийн баталгааг хангахаар шийдвэрлэсэн асуудалд албан шаардлага, төлбөрийн акт тогтоогдоогүй байна” гэсэн байна.