МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Тэмүүлэн: Өр зээлийг хэмжээгүй нэмэх, хяналтгүй зардал гаргах үүд хаалгыг нээж болохгүй
2024.08.26
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Өр зээлийг хэмжээгүй нэмэх, хяналтгүй зардал гаргах үүд хаалгыг нээж болохгүй

Засгийн газар 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох төслөө Улсын Их Хурал(УИХ)-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Улмаар  УИХ ээлжит бусаар хуралдан, төсвийн тодотгол болон түүнийг дагалдсан хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Г.Тэмүүлэн МУ-ын төсөв, санхүүгийн аюулгүй байдлын баталгаа болсон Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчилж болохгүй гэсэн хатуу байр суурийг илэрхийлсээр байгаа.Энэ хуулийн төслийг ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦААХ түүний санал Төсвийн байнгын хорооны хурлаар унасан ч УИХ-ын чуулганаар 57 гишүүн 52.8 хувиар татгалзан эсэргүүцэж, Засгийн газарт буцаахаар болсон.

Тэрээр татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтад оруулах, эдийн засгийг эрсдэлд оруулах өөрчлөлт хийж ёсгүй. Бид өнөөдрийг биш ирээдүйг харах ёстой. Өр зээлийг хэмжээгүй нэмэх, хяналтгүй зардал гаргах үүд хаалгыг нээж болохгүй. Засгийн газар дэлхийн хаана ч байхгүй  суурь тэнцэл, суурь зарлага гэдэг нэр томьёо гаргаж ирсэн. Ингэснээр бүх бонд, гадаадын зээл тусламжийг төсвөөс гадуур явах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Энэ замыг Монгол улс 2012-2016 онуудад туулж, ард түмэн хоёр жил бүсээ чангалсан. Гэтэл үүнийг давтах зам руу эргэж орох гэж байна. 

Амин чухал асуудал бол төсөв, санхүүгийн аюулгүй байдал. Монгол Улс төсөв, санхүүгээ эрсдэлгүй байдлаар тооцдог байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улс яагаад хөгжөөгүй юм бэ гэдгийн гарц, гаргалгааг гаргаж, шийдэл болсон энэ  хуулийг 2010 онд баталсан,  сайн хууль. Энэ хуулиар төсвийн тогтвортой байдлыг хариуцлагажуулах, төсвийн сахилга бат, хяналтыг шаардах, төсвийн тусгай шаардлага болон үүнийг тогтоож, хуулийнхаа хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаарддаг хэв хэмжээг тогтоож өгсөн. Энэ бол Үндсэн хууль шиг хууль. Монгол Улсын цаашдын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой тус хуулийг өөрчилбөл хор хохирол нь Монгол Улсын эдийн засагт учирна. Цаашид хөгжих үү, эс хөгжих үү, төсөв санхүү дээрээ хариуцлагатай байх уу, үгүй юу гэдгийн зүг чигийг заах луужин болсон  энэ хуулийг өөрчилж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ