Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжинэ
Хамтарсан Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд суурилсан 4 бүлэг бүхий Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шинэ 30 жилийн хөгжилд хөтлөх томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийг тэлж, өсөлтийг өрхөд чиглүүлэх зорилгоор 2025 оны төсвийн төслийг боловсрууллаа. Ирэх 2025 онд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжсэн дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
1. Хөгжлийн хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ:
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтыг бүсийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд чиглүүлж, мөн бусад салбарт өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг дуусгаж, шинэ хөрөнгө оруулалтыг түр хойшлуулах үндсэн зарчим, бодлогыг баримталлаа.
2. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн хувийн хэвшлийг дэмжих татварын бодлогыг хэрэгжүүлнэ:
Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул татварын дэмжлэг үзүүлж хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй байна. Иймд бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
3. Орон сууцжуулалтыг үндэсний баялгийн сангаар дамжуулан хэрэгжүүлнэ:
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж “Миний анхны байр”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт төрийн алба” болон “Миний түрээсийн орон сууц” гэсэн иргэдийг орон сууцжуулах таван багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
4. Хүний хөгжлийн дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн бодлого:
Ирэх 2025 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэврийг 1 дүгээр сарын 1-ээс 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож шаардлагатай зардлыг төсвийн төсөлд тусгалаа.