МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
2024.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Эх орны ирээдүй болсон оюутан, сурагчид аа

Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ

Хүндэт эцэг эхчүүд ээ!

Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна.

Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн.

Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсролын салбарын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулах, сурагчийн хөгжил, төлөвшил, сургалтын чанар, технологи, инновацид зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч, боловсролын салбарын чиг хандлага хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж байна.

Хүүхэд залуус Та бүхэн монгол ёс уламжлал, үүх түүхээ мэддэг, өвөг дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Иймд өнөөдөр эрдэм мэдлэгт шунан дурлаж, илүү их ном уншиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тасралтгүй суралцахыг уриалж байна.

Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа, эх орны маргаашийн нарыг мандуулах эрдэмтэн мэргэн багш нартаа 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ