Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлэх шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ
2024.09.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлэх шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөр дуусгавар боллоо. Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид энэ сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ хүлээлгэн өгөх юм. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталжээ.

Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа. Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн. Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан” гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн МАН-ын хороо “Хотын сэргэлт”, “20 минутын хот” хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагаар хянуулж, нийслэлийн Сонгуулийн хороонд өргөн барьжээ. 2024 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийн олонх нь 1980-1990 онд төрсөн хүмүүс байна.

ШИНЭ МЭДЭЭ