“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ
2024.09.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно.
Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.
  Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.

ШИНЭ МЭДЭЭ