МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Батнайрамдал: Бусадтай хуваалцаж байж боловсрол өөрөө үнэ цэнтэй болдог
О.Батнайрамдал: УИХ-ын гишүүн
2024.09.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

О.Батнайрамдал: Бусадтай хуваалцаж байж боловсрол өөрөө үнэ цэнтэй болдог

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал бусадтай хуваалцаж байж боловсрол өөрөө үнэ цэнтэй болдог. Бусдад гүүр болж байж амьдрал өөрөө утга учиртай болдог гэдгийг онцлон  “ХОВДООС ХАРВАРД РУУ” лекцээ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бүх сургуулийн төгсөх ангийн сурагчдад хүргэж байна. 

Тэрээр залуу насандаа шамдан суралцсан, хичээж олсон дэлхийн боловсролынхоо үр шимийг хуваалцах идэр насны эрхэм зорилго өвөрлөн парламентад орж ирсэн гэдэг. Түүний хувьд тив дэлхийн өнцөг булан бүрээс хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлох эрмэлзэл тээсэн манлайлагч залуусын хамт Харвардын их сургуульд сурсан.

Түүнчлэн хүн бүрийн хүсэн тэмүүлдэг эрдэм мэдлэгийг тэтгэх үүрэгтэй Боловсролын зээлийн сан хэр шударга бус болохыг 2023 оны тавдугаар сарын 16-нд  олон нийтэд ил болгож, шүгэл үлээсэн. Энэ бол улс төржилт хийж болохгүй сэдэв. Хүүхэд, залуусын өөртөө, эх орондоо, төрдөө итгэх итгэлийг нь үгүй хийсэн хулгай бол энэ байсан юм. Нэгэн цагт энэ л гаж буруу тогтолцооны ээлжит золиос болж явсан тэрээр уг асуудлаар шүгэл үлээснээр олон нийтийн анхаарлыг нэг зүгт чиглүүлж чадсан билээ.

Боловсролын үнэ цэнийг эрхэмлэдэг түүний хувьд Монгол Улсынхаа өнгөрсөн 30 жилийг үнэлж дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад гар бие оролцсон билээ. Одоо харин тэрхүү бодлого, төлөвлөгөөг бодит ажил болгож Монгол Улсаа эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болоход мэдлэг, оюунаа зориулахаар төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байна.

Олон жил дуншсан байгалийн баялгийг иргэддээ шударгаар тэгш хүртээмжтэй хуваарилах боломж олгох  “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг батлахад ихээхэн хувь нэмэр оруулж, ажлын хэсгийн ахалж ажиллаж байсан түүнийг хүүхэд залуусын боловсролд  төдийгүй бусад олон талбарт хөрөнгө оруулах дээрх хуулийг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Чухам ирэх жилүүдэд түүний хэлсэн, ярьсан хэрхэн ажил хэрэг болж буйг цаг хугацаа харуулах биз ээ.