17 орны 21 багтай өрсөлдөж "Азийн ган гүүр" тэмцээний Гран при хүртсэн оюутан залуустай уулзлаа
2024.09.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

17 орны 21 багтай өрсөлдөж "Азийн ган гүүр" тэмцээний Гран при хүртсэн оюутан залуустай уулзлаа

Барилга, Авто зам, Гүүрийн инженерийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Asian Bridge competition 2024” буюу “Азийн ган гүүр” тэмцээнд энэ жил ШУТИС-ийн Барилга архитектурийн сургуулийн баг тамирчид Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, тэргүүн байр Гран при шагнал хүртсэн.

Вьетнам улсад зохиогдсон “Азийн ган гүүр” тэмцээнд Азийн 17 орны 21 баг оролцсон бөгөөд 4200мм урттай, 6мм хотойх, 500кг ачаа даах хүчин чадалтай гүүрийн загвар, тооцоолол гаргах, бүтээх үндсэн шалгууруудтай даалгаврыг Монголын баг чадварлаг биелүүлж, Япон, Индонез, Солонгосын баг зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ялж тэргүүлснээс гадна “Asian bridge competition 2025” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан ШУТИС-ийн Барилга архитектурийн сургуулийн багш С.Энхболд ахлагчтай багийн оюутан залуусыг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Зам гүүр, гүүрэн байгууламжаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудын шилдэг залуустай өрсөлдөж монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг олон улсад гайхуулсан тэд бол УУРАГ ТАРХИА НЭРЖ, УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ МОНГОЛ БАХАРХАЛ юм.

Монгол Улсын Засгийн газраас Гангийн үйлдвэр барих ажлыг удахгүй эхлүүлнэ. Ирэх 2025 оноос эхлэн ган татлагатай гүүрэн байгууламж барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Гамшгийн эрсдэл жилээс жилд нэмэгдэж байгаа учраас дэлхий нийтийн жишгээр Монгол Улс ч Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулахаар зорьж байна. Энэ цаг үед инженер техникийн шилдэг залуусын маань оролцоо маш чухал учраас бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ