МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс криптовалюттай холбоотой харилцааг зохицуулах хуультай болно
Л.Соронзонболд УИХ-ын гишүүн
2024.09.18
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улс криптовалюттай холбоотой харилцааг зохицуулах хуультай болно

Сүүлийн жилүүдэд криптовалютаар хийгдэж буй арилжаа эрс нэмэгдсэн. Үүний зэрэгцээ, криптовалютын хэрэглээ уламжлалт мөнгөн тэмдэгтээс ялгаатай бөгөөд цөөн тооны бүлэг хүмүүс л тус валютын тухай мэдлэгтэй байдаг тул гарт баригдаж нүдэнд харагддаггүй, тодорхойлоход хэцүү шинэ үзэгдэл хэвээр байна. Ялангуяа мөнгөн тэмдэгтүүдийн эргэлт итгэлцэл дээр тулгуурладаг. 

Эрх зүйн зохицуулалтгүй криптовалютын салбар нь ихэвчлэн залуу хүмүүсийн сонирхлыг соронздон татаж байна. Гэсэн хэдий ч улс орнууд олны анхаарал татсан энэ шинэ үзэгдлийг үндэсний хууль тогтоомждоо тусгаж хуулийн аргамжаанд оруулж чадаагүй байна.

Дэлхий даяар криптовалютын хэрэглээ нэмэгдсэнээр олон тооны улсууд тэдгээрт тохирох эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг 2014 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, БНХАУ, Пакистан гэх мэт улсуудад криптовалюттай холбогдох бүх асуудлыг буюу арилжаалах, олборлох, төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах зэргийг хориглосон байхад Япон улсад криптовалютыг төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд зогсохгүй криптовалюттай холбоотой бизнес эрхлэгчдийн холбоо байгуулагдаж, тухайн төрлийн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах норм, стандартуудыг боловсруулж, мөрдүүлж байна. 

МОНГОЛ УЛС ДАХЬ КРИПТОВАЛЮТЫН ОРЧИН: 

Монгол Улсын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2017 оны 10 дугаар сард криптовалютын зохицуулалтын талаар мэдэгдэл гаргасан. Түүнийг өнөөг хүртэл баримталж байгаа.

Монгол Улсад криптовалютыг сонирхох явдал ихсэж байгаатай уялдуулан криптовалютын эрх зүйн статусыг тодорхой болгох нь зүйтэй ба цаашид криптовалютын арилжаанд хяналт тавих, орлогод татвар ногдуулах гэх мэтээр шийдвэрлэх нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд эерэг нөлөөтэй ба криптовалютын ашиглалтыг бусад хууль бус үйл ажиллагаанаас ангид байлгах үр дагавартай байх юм.

Иймд шинээр бүрдсэн УИХ Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах эрх зүйн баримт бичиг буюу хуулийг боловсруулахаар ажлын хэсгийг байгуулаад байна. 

Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахлан ажиллах юм. 

Тэрээр М банк буюу монголын анхны цахим банкны захирлаар ажиллаж байсан. 1997 онд МУИС-ийг банкны менежментийн чиглэлээр төгссөнөөс хойш энэ салбартаа тасралтгүй 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай хүний хувьд уг хуулийн төслийг ахлах боллоо. 

Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд зэрэг банк санхүү, хуулийн салбартаа мэргэшсэн гишүүд багтсан байна.  

ШИНЭ МЭДЭЭ