МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

"Хуулиудын үзэл баримтлал дарга, байгууллага төвтэй байгаа нь иргэний эрхийг зөрчиж байна"
2024.09.22
Орон нутгийн хөгжил

"Хуулиудын үзэл баримтлал дарга, байгууллага төвтэй байгаа нь иргэний эрхийг зөрчиж байна"

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн иргэдтэй өнөөдөр (2024.09.21) уулзлаа. УИХ-ын даргын санаачилгаар 126 гишүүнтэй парламент хууль эрх зүйн шинэчлэл болох “Гурван төгөлдөршил”-ийн ажлыг эхлүүлээд байна. Тус шинэчлэл болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх УИХ-ын баримтлах стратеги, төлөвлөгөөний талаар Ховд аймгийн иргэдэд танилцууллаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн парламентад сонгогдож, таван нам, эвсэл УИХ-д төлөөллөө илгээж чадсан нь олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйг онцлов.


Хууль тогтоох байгууллага УИХ-аас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох, хууль илүү тодорхой байх, нийгмийн шаардлагад нийцүүлэн цаг тухай бүрдээ шинэчлэгддэг байх хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг ажиллаж эхэлсэн.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиуд 20-р зууны үзэл баримтлалаар дарга, байгууллага төвтэй байгаа нь иргэний эрхийг зөрчиж буй учраас 21-р зууны, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор ажиллаж буйгаа УИХ-ын дарга тодотголоо.

ШИНЭ МЭДЭЭ