УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагатай уулзав
"Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу" хэлэлцүүлгийн хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын багтай уулзалт хийв.
Уулзалтад Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Болормаа, Ц.Мөнхтуяа, Г.Очирбат, Ж.Баярмаа, С.Эрдэнэболд нар мөн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баянмөнх болон салбарын мэргэжлийн судлаачид оролцож байна.
Эмнэлэг хэдэн ортойгоосоо шалтгаалж санхүүжилт авдаг байсан бол одоо гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Гэвч хэдэн хүнийг эмчилж эрүүл болгосон, анхан шатны тусламж үзүүлсэн зэрэг үр дүнд суурилсан үнэлгээ хэрэгтэй байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр онцоллоо. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр зориулалтын бус ашиглалтын хугацаа дууссан учир эмчилгээ үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгаа. Мөн санхүүжилтийн асуудал, хүний нөөцийн хүрэлцээ дутмаг, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаад анхаарч 2025 оны нэгдсэн төсөв батлагдах үед эмнэлгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах тал дээр онцгой дэмжлэг үзүүлэхийг удирдлагын багын гишүүдээс хүслээ. "Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу" Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үргэлжилнэ.