МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медаль хүртлээ
2024.09.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медаль хүртлээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” медалийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Д.Рэгдэл хүртлээ. /2024-09-24/

ТҮҮНИЙ ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР:
  • 1976 оноос ШУА-д ЭШ-ний дадлагажигч ажилтнаас ШУА-ийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажиллаж, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад онцгойлон оруулсан хувь нэмэр үүний дотор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Тэргүүлэгчдийн газрын байрыг барьж байгуулах, ШУА-ийн санхүүжилт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг томоохон ажлыг гардан удирдаж хэрэгжүүлж ирсэн.
  • Академич Д.Рэгдэл Монголын Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд ургамлын саармаг липоксигеназуудын өөрийгөө идэвхгүйжүүлдэг синкаталитик механизм, биологийн мембрантай харилцан үйлчлэлцэх чадвар зэрэг онцлог шинж чанарыг илрүүлэн, урвалын механизмыг цогцоор нь тайлбарлан баталгаажуулсан нь онолын биохимийн салбарт анхдагч ажил болсон.
  • Монгол улсад сансрын биологи-анагаах ухааны хөгжлийн эхлэлийг тавьсан эрдэмтдийн нэг бөгөөд “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд сансрын нислэгийн үед хүний бие организмд үүсэх сөрөг нөлөөллийг алиментар замаар бууруулах чиглэлийн судалгаанд оролцсон. Энэ судалгааны хүрээнд монгол чацарганы тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэж, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон.
  • Монголын таван хошуу малын махны биохими, технологийн шинж чанарын нийтлэг болоод онцлог үзүүлэлтүүдийг малын төрөл, газарзүйн бүсийн онцлогтой нь уялдуулсан өргөн хүрээний судалгааг өөрийн шавь нарын хамт явуулсан нь монгол бэлчээрийн малын үнэ цэн, ашиг тусыг олон улсад сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи өөрийн дээд шагналыг Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн нь дараах учир шалтгаантай юм.

Хубилай Сэцэн хаан бол Монголын төдийгүй дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, шинжлэх ухаан, боловсрол, соёлыг идэвхийлэн дэмжигч, ивээн хөгжүүлэгч байсан билээ. Тэрээр эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн хэрэглэж, шинжлэх ухааныг дэмжин хөгжүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд идэвхийлэн ашигласны ачаар түүх, хэлшинжлэл, одон орон судлал, газарзүй, тариалангийн техник технологи, мал аж ахуй зэрэг олон салбарт томоохон ахиц дэвшил авчирсан байна.

Хубилай Сэцэн хаан 1261 онд Бичгийн утгач-Улсын түүхийн хүрээлэн (翰林國史院, The Hanlin Academy and National History Academy)-г байгуулжээ. Тус хүрээлэнг монголчууд өнөөгийн Монгол Улсын ШУА-ийн үндэс суурь гэж үздэг билээ.

Хубилай хаан Бичгийн мэргэдийн хүрээлэн (хятадаар 集賢院 chi-hsien yuan, The Academy of Scholarly Worthies) хэмээх бас нэгэн байгууллагыг 1281 онд байгуулсан бөгөөд 1283 онд энэхүү хоёр байгууллагыг нэгтгэж Бичгийн утгач-Улсын түүх- Бичгийн мэргэдийн хүрээлэнг байгуулжээ. Гэвч удалгүй 1285 онд Бичгийн мэргэдийн хүрээлэнг тусад нь салгаж бие даалгасан түүхтэй.

Ийнхүү Хубилай хаан эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг дэмжин тэтгэдэг төдийгүй, өөрөө ч оюун билиг төгөлдөр, мэргэн ухаантан байсан тул түүний цолыг “Сэцэн хаан” гэдэг бөгөөд энэхүү цолондоо бүрэн дүүрэн тохирсон хүн байсан юм. Чухамхүү Хубилай Сэцэн хааны үед Монголын эзэнт гүрэн хөгжлийнхөө оргилд хүрсэн нь түүний холч ухаан, мэргэн бодлого, цуцалтгүй дайчин чанар, тэр дундаа шинжлэх ухааныг тэтгэн хөгжүүлсний үр дүн мөн.

Чухам тийм ч учраас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи өөрийн дээд шагналаа “Хубилай хаан” хэмээх нэртэйгээр анх 2008 онд бий болгосон билээ. Тус шагналыг Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-оос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол Улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог бөгөөд жилд дотоод гадаадын тус бүр 2 хүртэлх иргэнд олгох журамтай юм.

ШИНЭ МЭДЭЭ