МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Р.Батболд: Төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой
2024.09.26
Эдийн засаг, Худалдаа

Р.Батболд: Төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой

УИХ-ын гишүүн Р.Батболдтой ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд таны ажлын туршлагыг сонирхох гэсэн юм. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хаана, ямар ажил хийж байв. Бас аль нутгийн хүн билээ?

-Миний төрсөн нутаг гэвэл төв аймаг. Нийслэлийн 40 дүгээр сургуулийг дүүргээд МУИС-д элсэн суралцсан. Ингээд эдийн засагч мэргэжил эзэмшиж, сургуулиа 1996 онд төгссөнөөс хойш худалдааны салбарт түлхүү ажилласан. Тухайлбал, “Разноимпэкс” компанид менежер, “Эйртранс” компанид ерөнхий нягтлан бодогч, “Би Эм Би Икс” компанид захирлаар томилогдон ажиллаж байв. Дараа нь “ХААБирж” компанид ахлах аудитор хийж байгаад “ти Пи Эм Смарт Системс” компанид зөвлөхөөр ажиллаж байсан. Харин УИХ-ын гишүүн болохоос өмнө Иргэний Зориг Ногоон намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.

-Эдийн засагч хүний хувьд татварыг бууруулах тал дээр танд ямар гарц байна вэ. НДШ, ХХОАТ, НӨАТ гээд татварын дарамт асар их байна. Үүнэээс болж аж ахуйн нэгжүүд өсч томорч чаддаггүй зовлонтой. Шинэ парламентын хамгийн түрүүнд барьж авах ёстой ажил нь татварын хувь хэмжээг бууруулах гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнөөгийн татварын дарамт тэр дундаа ХХОАТ, НДШ, НӨАт иргэдэд дарамт учруулж байгааг би ойлгож байна. Нөгөө талаас татварын ачааллыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн хөгжил зэрэг төрийн чухал үйлчилгээг санхүүжүүлэхэд Засгийн газар хангалттай орлоготой байх хоёрын хооронд тэнцвэрт байдлыг хангах нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Татварыг бууруулахад миний санал болгож буй шийдэл бол бага, дунд орлоготой иргэд гэх мэт татварын ачаалал харьцангуй өндөр байгаа тодорхой бүлгүүдэд чиглүүлэх явдал юм. Бид эдийн засгийг идэвхижүүлэхийн тулд орлого багатай бүлэгт ногдуулах татварын дарамтыг бууруулж, өндөр орлоготой хүмүүс илүү шударга хувь төлдөг татварын дэвшилтэт тогтолцоог нэвтрүүлж болох юм.

Жишээлбэл, өндөр орлоготой хүмүүсийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ бага орлоготой хүмүүст хөнгөлөлт үзүүлэх үүднээс хувь хүний орлогын албан татварын босгыг тохируулж болно. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд, Засгийн газар нийгмийн хамгааллын сүлжээг санхүүжүүлэх өөр аргууд бий. тухайлбал, байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэрүүдэд ногоон татвар ногдуулах зэрэг орлогын төрөлжүүлсэн урсгалыг судлах боломжтой. НӨАТ-ыг төсвийн санхүүжилтэд зайлшгүй шаардлагатай боловч миний хувьд хувь хэмжээг багасгаж бүх иргэд төлдөг байх зарчмыг дэмждэг. Үүнд иргэд бидний оролцоо өндөр байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр өрхийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх замаар тохируулж бас болно.

Татвар гэдэг бол төлдөг хэсэгт нь ачаа үүрүүлээд төлөхгүй хэсэг нь завшаад байж болохгүй л дээ. Төрөх, үхэх нь үнэн гэдэгтэй адил татвар төлөх нь хүн бүрийн үүрэг. Гол нь системийн гажуудал байгаа юм. Бид төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрийг хуульчлах цаг нь болсон, энэ талын хуулийг өргөн барина ч гэж төлөвлөж байгаа. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн, бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх вэ гэдгийг бодолцох цаг болжээ

Тухайлбал, ATM-ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа орж байгаа нь тодорхойгүй, ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ний 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс 2-3 дахин том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна. Гол нь татвар өөрөө төлөгдөх сайн систем бий болно.

-Намрын чуулганаар хамгийн түрүүнд ирэх оны төсөв орж ирнэ. Төсвийн төслөөс таны анхаарлыг татсан ямар асуудлууд байна вэ?

-Төсвийн төсөл гишүүдэд ирсэн. Анхаарал татсан, нухацтай авч үзэх хэд хэдэн асуудал байна. Монгол Улс аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг төрөл бүрийн салбарт цар тахлын дараахь эдийн засгийг сэргээх тулгамдсан асуудал байгаа. Мөн дэд бүтцийн төслүүдэд эх үүсвэрийг хэрхэн хуваарилах, боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбар эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлт санхүүжилт авах эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах арга хэмжээнүүд, ялангуяа манай намаас ногоон хөгжилд онцгой анхаарал хандуулна гэж бодож байна. Байгаль орчинд ээлтэй шинжлэх ухааны ололтуудыг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, ногоон эдийн засагт хэрхэн шилжих талаар ч илүү анхаарна.

Тухайлбал, төсвийн бодлого хэлэлцэхэд нэгдүгээрт үндэсний эрх ашиг чухал. Үүсээд байгаа асуудлыг том зургаар нь, бодлогын түвшинд харж, хариу арга хэмжээгээ сууринаас нь хийх явдал чухал. Өөрөөр хэлбэл, асуудлыг фракц бүлэглэл, нам эвсэл, хот, хөдөө, жижиг тойргийн хэмжээсээр явцуу харах цаг биш. Том зураглал, бодлогоо онилох хэрэгтэй гэсэн үг л дээ. Өнөөдөр үнийн өсөлт, ханш уналт, инфляцийн, өрийн тааламжгүй өсөлт, тэлэлт бол хүндрэлийн гол онош гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа байх. Эмчилгээ ч мөн л энэ дагуу. Өөрөөр хэлбэл, төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой.

Үүнд төсвийн орлогын эх үүсвэрээ бодитой тооцох, зардлын хэмнэлтийн болоод, үр ашгийн хэлбэрийг нарийн тооцох нь чухал байгаа. Хэмнэлт гэдэг нь төсвийн гол багана, үүнийг мөрдлөг болгон ажиллана. Төсвийн өргөн баригдаж байгаа төслүүдийн хяналт маш чухал. Яаж, ямар аргаар тооцов, өнөөгийн болоод ирээдүйн үнэ цэнийг хэрхэн тусгав, мөн бусад эрсдэлүүдээс үүдэлтэй санхүүгийн нөхцөлд хэрхэн зөрүү үүсэх вэ гэх мэтчилэн. Тиймээс хяналт , аудитлагдах тал дээр шийдэл тодорхой байх талыг барьж санал зөвлөмжөө өгнө дөө.

-Хэмнэлт гэснээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэж, өөрчлөх болов уу. Тэгэхгүй бол дэд сайдаа тавьж болохгүй гацах юм биш үү. Энэ мэтчилэн олон ажил энэ хуультай холбоотой зогсоод байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Хэмнэлтийн хууль бол хоёр талдаа иртэй илд байсан. Энэ нь нэг талаас төрийн хэт их зардлыг хазаарлах, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор хэрэгжсэн ч нөгөө талаараа чухал төслүүдийг гацаанд оруулж гацахад хүргэсэн байх магадлалтай. Ялангуяа нэн шаардлагатай бүтээн байгуулалтын төслүүдэд уян хатан байдлыг хангах үүднээс хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай нь ойлгомжтой. Төсвийн сахилга батыг сахих нь нэн чухал ч Монгол Улсын өсөлт хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх чухал төслүүдийг зогсоож болохгүй. Хэт их зардал гаргах хандлагатай байгаа газруудад хэмнэлтийн хуулийг хэвээр үлдээж болох ч дэд бүтэц, ногоон технологи зэрэг урт хугацааны үр ашгийн төлөө хөрөнгө оруулалт шаардлагатай салбаруудад зөөлрүүлж болохуйц илүү нарийн арга барилыг Засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ.Төсвийн удирдлагын уян хатан байдал, авлига, үрэлгэн байдлаас урьдчилан сэргийлэх хяналтын механизмыг сайтар хэрэгжүүлснээр Засгийн газар шаардлагатай төсөл, хөтөлбөрөө саатуулахгүйгээр санхүүгийн бэрхшээлээ шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Та ИЗНН-ыг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ногоон хөгжлийн бодлогыг дэмждэг байх. Удахгүй болох олон нутгийн сонгуулийн талаар та ямар бодолтой байна вэ. Улаанбаатарын тулгамдаж түмэн асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлага ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та харж байна вэ?

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль Улаанбаатар хотын хувьд чухал цаг мөчид тохиож байна гэж бодож байна. Иргэдийн хурлаас гаргасан шийдвэрүүд хотын ирэх он жилүүдийн хөгжлийг тодорхойлох болно. Улаанбаатар шиг хурдацтай хөгжиж буй хотод дэд бүтцийн хүндрэл, агаарын бохирдол, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн удирдлага чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Ногоон хотжилт, тогтвортой хөгжил нь танай намын мөрийн хөтөлбөрийн гол цөм байсан. Агаарын бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, гэр хорооллын тэлэлт, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед Иргэдийн хурлаар дамжуулан орон нутагтаа оновчтой бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Мэдээжийн хэрэг, ногоон хотжилтын бодлого нь Улаанбаатар хотыг хүн бүрд ээлтэй, аюулгүй шийдлүүдийг хэрэгжүүлэх санааг агуулдаг. Гол санаа нь зөвхөн хурдтай хөгжиж буй хотын хөгжлөөс гадна байгаль орчинтойгоо зохицон хөгжих хотыг төлөвлөх явдал юм. Бид байгальд ээлтэй тээврийн систем буюу цахилгаан автобус, дугуйн зам, явган зорчигчдод ээлтэй дэд бүтэц зэрэг асуудлуудаа эрэмбэлэх хэрэгтэй. Мөн нарны эрчим хүч, усны хэмнэлттэй хэрэглээ зэрэг ногоон технологи агуулсан хямд үнэтэй орон сууцны төслүүдэд анхаарлаа хандуулах ёстой. Иргэдийн хурал нь мэргэжилтнүүд, иргэдтэй нягт хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг байгаль орчинд хор хөнөөлгүй, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн хангах замаар төсөл хөтөлбөрийг манлайлах учиртай.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар олон намууд оролцож байна. Өнгөрсөн найман жилд МАН нийслэлд засагласан. Ганц нам давамгайлсан гэхээсээ илүү олон намын төлөөлөл иргэдийн хуралд орж ирснээр ямар давуу талууд үүсэх бол?

-Иргэдийн хуралд олон нам төлөөлөлтэй байх нь Улаанбаатар хотын хувьд маш том давуу тал. Энэ нь илүү олон талт, тэнцвэртэй хэлэлцүүлэг болно гэсэн үг. Нэг нам давамгайлсан тохиолдолд явцуу эрх ашгийг урьтал болгох, зарим асуудлыг хойш тавих эрсдэлтэй байдгийг бид бүгд өнгөрсөн он жилүүдэд харлаа. Харин олон намын төлөөлөл орсноор Нийслэлд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдэх асуудлыг нэг ширээн дээр авчрах болно. Магадгүй зарим нам нь нийгмийн үйлчилгээнд, зарим нь бизнесийн хөгжилд, нөгөө хэсэг нь манай нам шиг байгаль орчны тогтвортой байдалд анхаарлаа хандуулж болно. Энэхүү олон янзын үзэл бодлын үр дүнд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой юм. Хамтран ажиллах, харилцан буулт хийх, зөвшилцөх нь ард түмнийг илүү сайн, илүү хүртээмжтэй бодлого явуулахад хүргэнэ.

-Ингэхэд бизнесийн салбарынхныг яавал зөв бодлогоор дэмжиж томруулах вэ. Энэ тал дээр та ирэх дөрвөн жилд парламентад ямар санаачилга гаргаж ажиллах вэ?

-Энэ бол урамшууллын тодорхой бодлоготой байхаас эхэлнэ. Жишээлбэл, Нийслэлийн иргэдийн хурал нь ногоон төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, байгальд ээлтэй барилгуудыг эрэмбэлэх бүсчилсэн хууль, байгаль орчны шалгуурыг хангасан бүтээн байгуулалтыг хурдан батлах зэргээр тогтвортой хөгжлийг дэмжих зохицуулалтыг бий болгох эрхтэй. Үүний зэрэгцээ бүтээн байгуулагчдад дагаж мөрдөх ёстой байгаль орчны өндөр стандартыг тогтоож өгөх боломжтой. Ядаж л өнөөдөр байгаа стандартуудыг мөрдөж ажиллах байдлыг хэвшил болгохоос гадна байгаль орчинд ашиг тусаа өгөх, урт хугацааны санхүүгийн ач холбогдолтой байх гэдгийг ойлгуулж сурталчлах байдлаар дэмжиж бас урамшуулан ажиллах боломжтой.

-Ер нь авлига аль ч шатанд байсаар ирсэн. УИХ-ын шинэ гишүүний хувьд авлигын асуудлыг бууруулахад ямар шийдэл дэвшүүлмээр байна вэ?

-Төр, ард түмний хооронд итгэлцлийг бий болгоё гэвэл ил тод байх нь маргаангүй. Ялангуяа орон нутгийн засаглалын тогтолцоонд авлига удаан хугацааны туршид тулгамдсан асуудал байсаар ирсэн. Ил тод байдал нь түүнийг эмчлэх хамгийн сайн эм юм. Тэгэхээр орон нутгийн Иргэдийн хурлын тэмдэглэлийг хэвлэн нийтлэх, төсвийн шийдвэрийг олон нийтэд ил тод болгох, төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг хүн бүхэн нээлттэй олж авах нь хялбар байх ёстой. Төлөөлөгчид сонгогчдодоо байнга тайлагнаж, ямар шийдвэр, яагаад гарч байгаа талаарх мэдээллийг иргэд хялбархан авдаг байх нь чухал. Бид бүх үйл явц ил тод, хяналт шалгалтад нээлттэй байх тогтолцоог бүрдүүлэх ёстой

 

ШИНЭ МЭДЭЭ