ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.09.27
Эрүүл мэнд

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдах “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад оролцохоор Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байна.

Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалатай есдүгээр сарын 25-ны өдөр хоёр талын албан уулзалтыг хийлээ. Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн бодлого боловсруулах төрийн үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, монгол хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахын төлөө нягт хамтран ажилладаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг үе үеийн төр, засгийн зүгээс өндөр үнэлж ирснийг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдээс Бүсийн захиралд товч танилцуулав. Тухайлбал, хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс эхлүүлж байгаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, чанартай эмийг боломжийн үнээр тогтвортой хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэрчлэн зонхилон тохиолдох хавдрын өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах, архи, тамхи гэх мэт халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого, арга хэмжээнүүдийг онцлов.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, дээр дурьдсан бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр халдварт болон халдварт бус өвчний давхар дарамтыг бууруулж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд хяналтдаа авч бүс нутгийн хэмжээнд жишиг өөрчлөлтийг авчрах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлээд эдгээр чиглэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлэв.
Бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала дээрх бодлогын чиглэлүүд нь Номхон далайн баруун бүсийн алсын харааг тодорхойлсон бодлогын баримт бичгийн хүрээн дэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар бүх нийтийн хамралтад хүргэх, нийгэм, хамт олонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөтгөх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, шинэ технологи, инновацийг дэмжих, нэвтрүүлэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, нянгийн тэсвэржилттэй тэмцэх чиглэлүүдтэй агуулгын хувьд нийцэж байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт эдгээр болон бусад асуудлаар мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцааг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ