МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Лодойсамбуу гишүүн өөрийн саналаар нэг хуулийн ажлын хэсгийг ахална
2024.10.02
Улстөр

Ч.Лодойсамбуу гишүүн өөрийн саналаар нэг хуулийн ажлын хэсгийг ахална

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган буюу шинэ  парламентын анхны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаас эхлэн шинээр сонгогдсон 126 гишүүн иргэд сонгогчдод амласан болон улс орны хөгжлийн төлөө хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон бодлого, зорилгоо хэрэгжүүлэх гараанаас гарлаа гэсэн үг. 

Олны нүд, сонорын өмнө тод байгаа нэгэн гишүүн бол Чулуунбилэгийн Лодойсамбуу. "Улаан бал" нэвтрүүлгээр нь та бид сайн мэддэг болсон бөгөөд түүнийг парламент дахь "бие даасан" сөрөг хүчин гэж олон нийт үзэх болсон. Тэрээр үзэл бодол, өөрийн байр суурийг шуудхан илэрхийлдэг төдийгүй намынхаа хуучин улс төрчдөд уусан нэгдэхгүй, залуу, шинэ улс төрч гэдгээ ч ойлгуулчихаад байгаа. 

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, судлан шинэчлэх ажлын хэсгүүдийг байгуулсан. Ч.Лодойсамбуу гишүүн өөрийн саналаар нэг ажлын хэсэг ахалж таван ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна.

Тэрээр "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг"-ийг ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нарын 12 гишүүн ажиллах юм. 

Харин Ч.Лодойсамбуу гишүүнийн хувьд

  • Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын тоог цөөрүүлж холбогдох харилцааг хуульд тусгах ажлыг зохион байгуулалт, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн гишүүн
  • Хүний эрхийг хангах 2-р хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • Ялгаварлан гадуурхалтын эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох судалгаа шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • Үндсэн хуулийн цэц, түүний үйл ажиллагаа, маргаан шийдвэрлэх журмын талаарх хуулийг боловсронгуй болгох ажлын хэсгийн гишүүн
  • Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх зэрэг ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна. 

Тэрээр өөрийн цахим хуудастаа "Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд улсынхаа хууль, эрх зүйн орчныг нэг сайн цэгцэлж авах зорилгоо гараан дээрээ тодорхойлсоноороо энэ удаагийн Их хурал онцлогтой. Чамгүй ажилтай байх ч хажуугаар нь өөрийн хийдэг контентуудаа үргэлжлүүлж, хэлэлцэж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар аль болох чанартай ойлголт өгч байхыг хичээнэ ээ" гэжээ.