МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.03

Ч.Лодойсамбуу: Дотоодын үйлдвэрлэлээ яаж дэмжих юм бэ? Татварын асуудлууд...

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

Хувийн хэвшлийг дэмжье, бизнесийн таатай орчныг бүрдүүлье гэж бид байнга ярьдаг. Энэ асуудлууд дандаа орхигдсон харагдаад байна. Аж ахуйн нэгжүүдтэй яваад уулзахаар хоёр зүйл л хэлдэг. Байгууллагууд дээр хариуцуулдаг нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь НӨАТ.

Энэ татварын асуудлаас болоод цаашдаа үйл ажиллагаа явуулж, өргөжин тэлэх ямар ч боломжгүй. Өндөр цалин олгоод ажилчнаа тогтоон барих ямар ч боломжгүй. Тэгэхээр бид энэ Хөгжлийн төлөвлөгөөндөө хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг үгээ яаж “амилуулах” төлөвлөгөө байгаа вэ гэдгийг Сангийн сайд болон Нийгмийн хамгааллын сайдаас асууя.

Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг бүх бизнес эрхлэгч хэлж байгаа. Мөн нөгөө талдаа дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж ярьдаг. Гэхдээ дотоодын бизнесүүдээ татаж унагаж байгаа асуудлууд их бий. Жишээ нь бид, 10 жилийн өмнө дотоодоосоо гурилаа хангахын тулд Атрын 3-р аян өрнүүлж тариалан эрхлэлтээ босгож ирсэн.

Мөн дотооддоо цементээ хийе гээд евро стандартаар хийдэг болсон. Гэвч өнгөрсөн жил бодлого явуулж дотоодын гурилын үйлдвэрүүдээ татаж унагаасан, эхнээсээ сөхөрч байна. Эдгээрийг Хөгжлийн төлөвлөгөөндөө яаж тусгаж байгаа вэ? Гурил, цемент дээр тавьсан татварын асуудлаа өөрчлөх үү?

Цаашид ер нь Монгол Улсын Засгийн газар дотоодын үйлдвэрлэл дээрээ ямар бодлого баримтлах юм бэ? Хаанаас ч хамаагүй хямд л байвал гурил, цементээ хэрэглээд байх юм уу. Эсвэл үнэхээр монгол үндэстний хувьд чанартайг хэрэглэдэг байх уу?

Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын лаборатори манайд үйлдвэрлэж байгаа болон импортын цементэд харьцуулсан шинжилгээ хийсэн. Тэгэхэд цацрагийн хэмжээ нь импортын цементийнх дотоодын цементээс хоёр дахин их гарсан. Тэгэхээр хямд уу, чанартай юу гэдэг асуудал тулгарч байна.

Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.