УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт ахиц, дэвшил гарсан. 2020 онд 1,3 ихнаяд төгрөг байсан бол 2024 онд 4,2 ихнаяд төгрөг болж ДНБ-ний 5 хувьд хүсэн. Энэ бол түүхэн үзүүлэлт цаашид нэмэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт сэргэлт ирсэн, Засгийн газарт талархах хэрэгтэй. Харин цаашид энэ салбараа яаж дэмжих вэ. 2025 онд 90 сургууль нэмэгдэж 40 гаруй мянган хүүхдүүд хамрагдана гэсэн байна. 60 цэцэрлэг ашиглалтад орж 9540 ор юм байна. Энэ боловсролын салбарын сэргэлт бол эхлэл. Цаашид олон ажил энэ салбарт хүлээгдэж байна. Багш нарын дутагдлаа яаж шийдэх вэ. Үе шаттай багш нарынхаа цалинг нэмэх ёстой. Энэ хөтөлбөрт тусгагдсан байна.
Гол нь яаж, хаанаас хэрхэн санхүүжүүлж цалин нэмэх талаар маш тодорхой оруулж ирэх хэрэгтэй. Нийгэмд маш их хүлээлт байгаа. Үүнд хүрэхгүй бол салбарын сайдыг огцруулах хүртэл асуудал хүргүүлээд байна. Энэ асуудалдаа Засгийн газар, яам анхаарч ажиллаж, цалинг хэрхэн яаж нэмэхээ тодорхой гаргаж, иргэдэд ойлгомжтой тайлбар өгөх хэрэгтэй.