МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ НЭГ ШАТ АХИЖ “В+,ЭЕРЭГ” БОЛСНЫГ “S&P”АГЕНТЛАГ ЗАРЛАЛАА.
2024.10.04
Эдийн засаг, Худалдаа

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ НЭГ ШАТ АХИЖ “В+,ЭЕРЭГ” БОЛСНЫГ “S&P”АГЕНТЛАГ ЗАРЛАЛАА.

Өнөөдрөөс хоёр долоо хоногийн өмнө зээлжих зэрэглэл тогтоогч Олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэсэн хэмээн зарласан юм.

Харин өнөөдөр /2024.10.04/ Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ. Ийнхүү зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s” гэсэн олон улсын агентлагийн хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+эерэг” "В+тогтвортой"болгон сайжрууллаа.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжиж, улмаар зээлжих зэрэглэл дахин өсөх дохио болж байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+ эерэг” болгон сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж “S&P” агентлагийн тайланд дурдсан байна.

  • Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд тогтвортойгоор өсөх төлөвтэй байна. Энэ нь бусад ижил зэрэглэлтэй орнуудаас давсан өндөр үзүүлэлт юм.
  • Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6 хувиар өсөхөөр төсөөлж байна. Үүнд нүүрс болон зэсийн экспорт төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлж, төсвийн бааз суурийг сайжруулна гэж үзэж байна.
  • Монгол Улсын уул уурхайн салбарын экспорт тогтвортойгоор өсөх төлөв ажиглагдаж буй учир урсгал дансны нөхцөл сайжирч, гадаад зах зээлийн эрсдэлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрэлдүүлж байна.
  • Монгол Улсын уул уурхайн салбар сүүлийн 18 сард хүчтэй сэргэн, тогтвортой үргэлжилж, ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сорилтыг амжилттай даван туулж байна.
  • Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн сахилга батыг сайжруулах бодлогын арга хэмжээ нь 2 жил дараалж, төсөв ашигтай гарах үндэслэл болсон.
  • Засгийн газрын өрийн оновчтой удирдлагын нөлөөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт татах боломж үргэлжилж байгаа нь Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж байна.
  • УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд улс төрийн тогтвортой байдал бий болж, бодлогын залгамж цааш үргэлжилнэ гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ