МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Бум-Очир: Багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө цаг ямагт хичээнэ
Д.Бум-Очир УИХ-ын гишүүн
2024.10.08
Боловсрол

Д.Бум-Очир: Багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө цаг ямагт хичээнэ

Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 56 дахь баярын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймагт "Боловсролын чанар-Багшийн хөгжлөөс" сэдэвт 1000 багшийн чуулган боллоо.

Тус чуулганд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир оролцлоо. Тэрээр “Багш хүний хувьд Монголын минь ирээдүйг сурган хүмүүжүүлж байгаа 1000 багшийг хараад сэтгэл хөдөллөө. Багшийн гэр бүлд төрж өсөж, багш мэргэжил эзэмшсэн би багш хүний жаргал, зовлонг маш сайн мэднэ. Тиймдээ ч Та бүхний ажиллах орчин, амьдралын чанар, нийгмийн асуудлыг шийдэж ажиллахын төлөө цаг ямагт хичээх болно.” гэлээ.

Энэ жил Дэлхийн багш нарын өдрийг “Багшийн дуу хоолойг эрхэмлэх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ рүү” уриан дор тэмдэглэсэн. Энэ өдөр багш нарын ажлын ололт амжилт, багш, шавийн нийгэмд оруулсан хувь нэмрийг онцлохоос гадна, багш нарын өмнө тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг ярилцаж, зорилго, зорилтоо тодорхойлдог. Тэр ч үүднээс зөвхөн энэ өдөр гэлтгүй багш нарынхаа дуу хоолойг байнга сонсож, үзэл бодлыг нь шийдвэр гаргалтад тусгах зайлшгүй асуудал тулгарсаар буй.

Гэхдээ нэг үетэй харьцуулахад өнөөдөр боловсролын байгууллагын бааз суурь бэхжин, сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл дээшилж байгааг тус салбарт зарцуулсан хөрөнгөнөөс харж болохоор. Тодруулбал, 2020 онд 1,3 их наяд байсан бол энэ онд 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

Гэсэн хэдий ч цаашид багш нарын цалин орлогыг өсгөх, ур чадварыг нь улам сайжруулах, нийгэмд багшийн мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сургалтын агуулгыг улам сайжруулах зэрэг шаардлага байсаар байна.