МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Цогтбаатар: Хууль, журам хоёрын зохистой харьцааг тэнцвэржүүлэх шаардлагатай
2024.10.09
Хууль, эрх зүй

Д.Цогтбаатар: Хууль, журам хоёрын зохистой харьцааг тэнцвэржүүлэх шаардлагатай

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ахлан ажиллаж байгаа. Энэ хууль  Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах стандарт болдог учир маш чухал хууль юм. Ийм учраас тус хууль дээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд шуурхай ажиллаж, төслөө боловсруулан, өргөн мэдүүлж, хамгийн эхэнд батлуулах ёстой. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байгаа аж.

Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал үүсдэг. Тухайлбал бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл улсын төсвийн төслийг жил бүр хэлэлцэж, баталж, үүнийгээ дагуулаад маш олон эдийн засгийн харилцаатай холбоотой хуулийг өөрчилсөөр явж ирсэн. Иймд хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэхээр энэхүү ажлын хэсгийн гишүүд  ажиллаж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ парламентад өргөн мэдүүлж буй аливаа хууль, шийдвэрийн төсөлд хүний эрхийн үнэлэмжийг заавал хийсэн байх шаардлагатай, үүнийг гээгдүүлэхгүй. Түүнчлэн ажлын хэсгийн түвшинд хууль журмын харьцааг авч үзэх зайлшгүй шаардлагатай болсон. Хуулиар зохицуулагдахуйц олон харилцааг журмаар зохицуулдаг болсон гажуудал бий. Иймээс хууль, журам хоёрын зохистой харьцаа, тэнцвэрийг олох нь манай ажлын хэсгийн үүрэг болж, бид ажиллаж байна гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар онцолж байна.

ШИНЭ МЭДЭЭ